МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Хаан банк” 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Тус компанийн нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа нь 16.8, хөрвөх чадварын харьцаа нь 42.6, активын өгөөж нь 3.5 хувьтай гарчээ. Мөн өөрийн хөрөнгийн өгөөж нь 32.7, чанаргүй зээлийн харьцаа нь 5.2, зээл депозитын харьцаа 67.7 хувьд хүрч, 2023 оны эхний хагас жилд 272 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Системийн бэлэн байдлыг 99.9 хувь хангаж, онлайн зээл олголтын тоогоо хоёр дахин өсгөн, давхардсан тоогоор 1.4 саяд хүргэжээ. Нийт зээлийн багцынх нь 21.4 хувийг онлайн зээл эзэлсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хувьцаат компани болсон “Хаан банк” нь ажилтнууддаа зориулсан хайбрид, смарт оффис төсөл хэрэгжүүлж буй юм байна.