Сайн дурынхны идэвхтэй оролцоонд түшиглэсэн, хүмүүнлэгийн төлөө хамгийн өргөн сүлжээтэй, хүчирхэг үндэсний нийгэмлэг болох Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн “Үндэсний чуулган” дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ удаагийн ээлжит чуулган наймдугаар сарын 10-11-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тус чуулганд МУЗН-ийн хот хөдөөгийн салбарын анхан болон дунд шатны байгууллагуудаас сонгогдож ирсэн нийт 100 гаран төлөөлөгчид болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирга сар нийгэмлэг, бүс нутгийн олон улс байгууллагын төлөөлөгчид оролцжээ.
Үндэсний чуулганаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүгнэхийн хамт МУЗН-ийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх Стратегийн төлөвлөгөө, МУЗН-ийн дүрэм зэрэг бодлогын баримт бичгүүдээ шинэчлэн баталлаа. Түүнчлэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Дүрмийн хороо, Санхүүгийн хороо зэрэг удирдах багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонголоо.
Чуулганаар МУЗН-ийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг МУЗН-ийн Ерөнхийлөгчөөр сонгов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 2014 оноос МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр, 2019 оноос Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаагийн чуулганаар МУЗН-ын ерөнхийлөгчөөр 2010 оноос хойш ажилласан УИХ-ын гишүүн Н.Энхболдыг МУЗН-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр сонголоо. Дэд ерөнхийлөгчөөр жүжигчин, СТА С.Ууганбаярыг сонгов.