Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж буй ч донорын олдоц тааруу хэвээр аж. Бидний цөөхөн монголчуудын дунд янз янзын байдлаар нас барагсад олон. Гэсэн ч донор болох боломжтой хүмүүсийн ар гэрийнхэн энэ талын ойлголт тааруу, сүсэг бишрэл нь давамгай байдаг нь амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн бусад хүнд туслах боломжийг хязгаарладаг ажээ. Энэ талаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч П.Батчулуунаас тодруулсан юм.
Энэ төрлийн анхны мэс заслыг 2006 онд хийжээ. Одоогоор элэг, бөөр, чөмөг суулгаж байгаа гэнэ. Улсын I төв эмнэлэгт эдгээрийн аль алийг, харин ХСҮТ-д элэг суулгах мэс засал хийдэг аж. Өнөөдрийн байдлаар Улсын I төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийнхан 330 гаруй хүнд эмчилгээ амжилттай хийсэн байна. Мөн Улсын I төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 217 хүнд мэс засал хийсэн бөгөөд үр дүн нь 93-аас дээш хувийн үзүүлэлттэй. ХСҮТ-ийн баг 99 хүнд элэг шилжүүлэн суулгасан, үр дүн нь бас 90-ээс дээш хувьтай. Эдгээр нь дэлхийн дунджаас дээгүүр, өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрсэн гэсэн үг.
Улсын I төв эмнэлгийн Ясны чөмөгнөөс үүдэл эс шилжүүлэн суулгах багийнхан 40 орчим хүнд уг эмчилгээг хийж, цусны хавдартай хүмүүсийн амийг аварчээ. Эмчилгээний үр дүн 95-100 хувьтай байж. Эдгээр хүний 90 орчим хувьд амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгасан байна. Аав, ээж, үр хүүхэд, хань, хамаатан садных нь хүмүүсийн хос эрхтний нэгийг, эсвэл цуллаг эрхтний талыг шилжүүлэн суулгадаг гэсэн үг юм.
Манай улсад элэг шилжүүлэн суулгуулахаар иргэдийн хүлээх жагсаалтад 1000-аад хүний нэр дурайж байна. Бөөр шилжүүлэн суулгуулах нь ч мөн дээрх тоонд хүрэх гэнэ. Зүрх шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүсийг одоохондоо бүртгээгүй. Хэрэв бүртгэж эхэлбэл олон хүн хандах болов уу гэдгийг П.Батчулуун эмч хэлсэн. Учир нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний гаргасан мэдээллээр манай улсад сүүлийн таван жилд зүрх, судасны өвчин буюу даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон юм.
ГССҮТ-ийн гаргасан мэдээллээр манайд жилд ослын улмаас 400-600 хүн нас барж байна. Тэдний дунд боломжит донорууд байх магадлал өндөр гэнэ. Цаг бусаар нас барсан хүмүүсийн эрхтнийг архаг өвчтэй хүмүүсийн амийг аврахад зориулдаг болъё гэж төрөөс хууль баталж, алба, нэгж байгуулаад даруй таван жил өнгөрсөн. Тухайлбал, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг Донорын тухай хуулийн дагуу 2018 онд байгуулжээ. Тус албаныхан тухайн жилээс өнөөг хүртэлх хугацаанд тархинд нь цус харвасан, гэмтлийн улмаас амьдрах боломжгүй 6000 гаруй хүнийг донор болох боломжтой, эсэхийг судалжээ. Үүний хүрээнд эмнэлгүүдтэй хамтарч ажилласнаар 240 гаруй боломжит донор илрүүлсэн байна.
Эдгээр нь тархи нь үхэжсэн, донор болгох эрхтнүүд нь шалгуур үзүүлэлтэд тэнцэж буй, өөрөөр хэлбэл, В, С, D вирусгүй, ДОХ, сүрьеэ, тэмбүү, коронавирус зэрэг халдварт ямар нэгэн өвчингүй хүн бөгөөд тэдний эрхтэн нь эрүүл байна гэсэн үг аж. Тэднээс 62-ынх нь гэр бүлийнхэнтэй уулзаж, төрийн буюу хуулийн нэрийн өмнөөс бусдын амийг аврах, донор болгох зөвшөөрөл авахаар хүсэлт тавьжээ. Дотно хүн нь таалал төгсөх нь тогтоогдоод, гашуун үнэнтэй эвлэрч чадахгүй, итгэж болохгүй байгаа хүнд хэцүү, уй гашуудалтай үед гэр бүлийнхэнтэй нь уулзаж, эрхтний донор болгох хүсэлт тавих нь маш хэцүү ажил гэдэг нь ойлгомжтой. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд 30 гэр бүл элэг нэгт монгол хүний амь насыг аврах буянтай үйл хийхээр зөвшөөрчээ. Ингэснээр нийт 58 хүнд амьдрал бэлэглэсэн юм байна. Тэдний 35 нь бөөр, 23 нь элэг шилжүүлэн суулгуулах эмчилгээ хийлгэжээ.
Нэгэн тооцоо байна. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгуулсан 58 хүн байна. Тэднээс гадна шөрмөс, ясны ялтас, судас шилжүүлэн суулгуулсан хүмүүс ч бий аж. Эдгээр хүний эмчилгээний зардлыг БНСУ болон гадаадын бусад улсын жишгээр, хамгийн багаар тооцвол хэдий хэмжээнд хүрэх бол. Донорынх нь, гэр бүлээс нь хамт явах хүмүүсийн ирж, очих унааны зардал, хоол унд зэргийг тооцохгүйгээр зөвхөн эмчилгээ хийлгэх өртгийг тооцоход л санаанд багтамгүй өндөр болдог аж. Ингээд үзэхээр эмчилгээгээ эх орондоо хийлгэснээр улсын төсвөөс болон тухайн хүний халааснаас гарах 30 орчим тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд хэмнэжээ. Энэ нь зөвхөн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний “даруухан” тооцоо юм.
Уг эмчилгээгээр нэгэнт ийм их зардал хэмнэж, ачааг хөнгөвчилж байгаа учраас төрөөс үүнд илүү анхаарч, санхүүжилтийг нь нэмж, залуу эмч, мэргэжилтнүүдийг сайтар бэлдэхэд тусалж, тоног төхөөрөмжийг сайжруулбал, цаашлаад эдүгээ хүлээгдэж буй Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төвийг байгуулбал эрүүл мэндийн салбарт дорвитой ахиц дэвшил гарах мэт.
П.Батчулуун эмч “2018 онд албаа байгуулаад, тархинд нь цус харвасан, гэмтлийн улмаас амьдрах боломжгүй болсон хүмүүсийн гэр бүлийнхэнтэй анх уулзахад ойлгоогүй. “Юу яриад байгаа юм. Үхэл хагацал болоод байхад яасан хачин юм хэлнэ вэ” гэж цааргалж хүлээж авч байлаа. Харин эдүгээ гайхахаа больсон. Өөрөөр хэлбэл, эрхтний донорын талаарх олон нийтийн ойлголт сайжирсан байна. Энэ нь бид өнгөрсөн таван жилд олон нийтэд донор, тэр дундаа амьгүй донорын тухай ойлголт өгөх нөлөөллийн ажлууд нэлээд хийсэнтэй холбоотой болов уу. Нийслэлийн төв талбайд зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” өдөрлөг, эрхтэн шилжүүлэн суулгуулсан эмчлүүлэгчдийн дунд спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зэрэг арга хэмжээ маань үр дүнтэй санагддаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлэл чамлахааргүй хүргэсэн. Гэсэн ч одоо хэр нь донорын олдоц тааруу хэвээр байна. Хүмүүс ойлгодог болсон ч бидний ажил сүсэг бишрэл гэдэг гогцоонд тээглээд байх шиг. Анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй тавьж буй асуудал маань сүсэг бишрэл, тодруулбал, мухар сүсэгт дарагдаад, “Лам, бөө болохгүй гэсэн” гэдэг хариулт голчлон сонсдог. Хүн хоёр биеэс бүрддэг. Нэг нь оюун санааны бие буюу сүнс. Нөгөөх нь махан бодгаль буюу бие. Хэрвээ тархи үхэлд хүрсэн тохиолдолд сүнс биеэс гарч явсан үед махан биеийг юунд ч зориулж болдог номлол аль ч шашинд бий. Монголчууд бурхан болоочоо байгальд нь шингээнэ хэмээн ил тавьдаг байсан. Энэ нь шувуу болон бусад амьтны идэш тэжээл болгон өгч, нэгэн төрлийн буян үйлддэг хэлбэр буюу тойруу замаар бусад амьтны амийг хамгаалдаг байсан юм билээ.
Дэлхий дээр найман тэрбум хүн байна. Ер нь хүн болж төрөх гэдэг их хувь заяа. Тэр дундаа Монгол сайхан оронд энэ цөөн хүний нэг болж төрөх нь бүр илүү, өндөр заяа юм болов уу. Бурхны зурсан зураг гэж ярих нь ч бий. Донор болох боломжтой хүний гэр бүлийнхэнтэй уулзаад “Энэ хүн өнөөдрийг хүртэл өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж байжээ. Донор болох бололцоотой хүн маш цөөн байдаг. Донор болно гэдэг бол бусдын амийг аварч, буян хийх боломж юм. Энэ өгөгдлийг зөв ойлгож, бусдад буян болох замаар хойд насных нь буян заяаг тэгшитгэж өгч болох уу” гэж хүсдэг. Амьгүй донорын ачаар хамгийн багадаа гурван хүний амийг авардаг. Тиймээс иргэд үүнийг, өөрөөр хэлбэл, донор болох, болгох асуудлыг зөв ойлгож чадвал маш олон хүнийг аварна. Донор болно гэдэг бол гавьяа мөн” гэлээ.
Дэлхий дахинд ийм эмчилгээ хийж эхлээд 60 гаруй жил болжээ. Тэгвэл манай улсад үүнийг нэвтрүүлээд хэдийн 10 гаруй жилийн нүүр үзэв. Ажил хариуцсан алба нэгжийнхэн зүтгэж, оролдож байгааг харах сайхан юм. Энэ үйл ажиллагаанд манай донор эмнэлгүүд маш их үүрэг, хариуцлага үүрдэг ажээ. Улсын III төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээ, харвалтын төвийн эмч нар, эмнэлгийн удирдлагууд чармайн ажиллаж байна. Өнөөдөр манай улсад тархины үхлийг тодорхойлдог 16 баг ажилладаг аж. Ямар ч эмнэлэгт тархинд нь цус харвасан, гэмтсэн хүмүүсийн алтан амийг аврах үйл ажиллагаа юу юунаас чухал байдаг. Харамсалтай нь, амийг нь аврах арга хэмжээ, эмчилгээ, үйлчилгээ сайн үр дүнд хүрэхгүй байх тохиолдол их байдаг л даа.
Европын орнуудад донортой холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт манайхаас өөр байдаг аж. Тухайлбал, Шведэд хүн нас барсан тохиолдолд хэрвээ “Би донор болохгүй” гэсэн гэрээслэл үлдээгээгүй л бол түүний эд, эс, эрхтэн нь улсын өмч болдог аж. Тийм хууль, эрх зүйн зохицуулалттай юм байна. П.Батчулуун эмч “Манай улсад донорын тухай ойлголт жилээс жилд сайжрах байх. Гурав, таван жилийн дараа эрс өөр болно. Манай монголчуудын сэтгэлгээ ази гэхээс илүү европ тал руугаа хөгжсөн нь алхаа гишгээ, хөдөлгөөн, биеэ авч яваа байдал зэргээс харагддаг. Тэр утгаараа дээр хэлсэнчлэн тээг болоод буй сэтгэлгээний гогцоог тайлчихвал өөрсдөө, бас бурхан болоочдоо донор болгох нь хэвийн үзэгдэлд тооцогдох цаг холгүй байх. Гараа бол эхэлсэн. Одоогоор манай төвд хандаж, донор болох хүсэлтэйгээ илэрхийлж, батламж авсан залуус 200 орчим бий. Энэ тухай төдийлөн ярьдаггүй байлаа. Одоо нуух зүйлгүй. Хүмүүсийн сэтгэлгээ, аливааг харах өнцөг өөрчлөгдсөөр, эерэг тийш хандсаар байгаагийн илэрхийлэл юм даа.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг сайжруулахын давуу тал олон. Өндөр технологийн ийм эмчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр бусад олон салбар дагаж хөгждөг. Тэр дундаа лаборатори, оношилгооны болон мэс заслын технологи, эмч нарын ур чадвар, дархлаа судлал зэрэг бусад эмчилгээний үр дүн сайжирдаг. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн хүний амь нас аврагдаж, амьдралын чанар сайжирч, улмаар хөдөлмөр эрхэлж, нийгэмд идэвхтэй байр суурь эзэлж, баялаг бүтээгч болдог юм билээ. Үүнтэй зэрэгцэн тухайн орны олон улсын тавцанд эзлэх байр суурь батжиж, нэр хүнд өсөж байдаг. Манайх шиг хөгжиж буй орон энэ зэргийн эмчилгээ хийж буй тохиолдолд НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын анхаарал, дэмжлэг нэмэгдэх аж. Тухайн орны иргэдийн дунд улсынхаа эрүүл мэндийн салбар, эмч, мэргэжилтнүүддээ итгэх нь ч нэмэгдсэнээр гадагш урсдаг ихээхэн хөрөнгийг дотооддоо үлдээх давуу талтай. Мөн энэ эмчилгээний талаарх мэдээлэл дундаас олон нийт өөрт хэрэгтэйг олсноор мэдлэг нь сайжирч, өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг байна. Өөрөөр хэлбэл, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хүртлээ өвчнөө тартагт нь тулгахаа болих сайн талтай гэж үздэг аж. Эрхтэн шилжүүлэх хэмээх өндөр технологийн эмчилгээ нь ийм сайн үр дагавруудтай” гэлээ.