Интернэт анх хөдөлмөрийг хөнгөвчилж, орон зайнаас үл хамааран бусадтай хялбар холбогдох боломжийг бидэнд нээж байсан бол өнөө үед хүний төрөлхийн инстикт, сэтгэл зүйн төлөвт тулгуурлан эрчимтэй хөгжиж буйг харж болно. Үүнийг зарим талаас хүн интернэт гэх “далай”-д сэлж, ганцаардахгүй, сонирхолтой амьдрах боломж бүрдлээ хэмээн үздэг. Тэгвэл технологийн энэхүү хөгжлийг өөрт хэрэгтэйгээр ашиглах арга ухаан бол дижитал минимализм юм.
Жоржтауны их сургуулийн компьютерын шинжлэх ухааны дэд профессор Кэл Ньюпорт “Минимализм бол хэмжээ хязгаарыг мэдэх урлаг. Харин технологийн хэмжээ хязгаарыг мэдэх нь “дижитал минимализм” юм. Өдрөөс өдөрт дуу чимээ, сатаарах зүйлс нэмэгдэж буй өнөөгийн ертөнцөд энэ нь эмх цэгцтэй, төвлөрсөн амьдралыг бий болгох гол түлхүүр” хэмээн “Дижитал минимализм” номдоо бичжээ. Эл ном 2021 онд монгол хэлнээ орчуулагдан, уншигчдад хүрсэн юм.
Хүн төрөлхтөн техник, технологийн хэрэглээнээс шууд хамааралтай болж, шашны итгэл сулран, бидний амьдралд шинжлэх ухаан жинтэй нөлөө үзүүлж эхэлсэн пост модернизмын үеэс тухайн цаг үеийнхний хэзээ ч төсөөлөөгүй амьдралын хэв маягийн үзэл, хандлага, дадал, сургаалууд үүсэж, бид түүгээр талцан хуваагдаж, нэгдэн нийлэх болов. Түүний нэг гэгдэх минимализмын, тэр дундаа дижитал минимализмын талаар энэ удаад тухайлан авч үзье. Орчлон ертөнцийн олон “изм”-үүд өвөрмөц онол, систем, практик агуулгатай. Харин минимализм мөн чанараараа гол зүйлдээ төвлөрөх үнэ цэнийг чухалчилдаг бол хэлбэр талаасаа оргүй хоосонтой адил гэх нь бий.
...Та өглөө сэрэхдээ ч, орой унтахдаа ч утсаа шалгадаг уу. Таны фэйсбүүктээ нийтэлсэн зурагны доор хэн лайк дарж, сэтгэгдэл бичихийг чухалчилж хардаг уу. Утсанд тань мэдэгдэл ирэх бүрт шалгадаг уу. Чухал ажилтай боловч интернэт ухаж цагаа өнгөрүүлдэг үү...
Минималист байхыг олон хувцасгүй, тавилгагүй байх, бүхнээ гаргаж хаяхын нэр хэмээн ойлгох нь элбэг. Үүнтэй адилаар дижитал минимализмыг сошиал огт ашиглахгүй байх “ял” гэж ойлгох нь хавтгайрсан зүйл болно. Хамгийн гол нь “анхаарал татсан зорилгогүй хэрэглээнээс татгалзах” гэх ойлголтыг уншигч та бүхэнд өгөхийг зорьсон юм.
2023 оны судалгаагаар хүн өдөрт дунджаар долоон цагийг дэлгэцээс хамааралтай өнгөрүүлж байна хэмээн дүгнэжээ. 10 жилийн өмнө буюу 2013 онд энэ хугацаа 50 минут байснаас 12 дахин өссөн гэсэн үг. Дэлгэцийн хамаарал нь түгших эмгэг, харилцааны болон анхаарал төвлөрөх чадвар муудах зэрэг шинж тэмдгээр илэрч буй нь ажиглагдсан аж.
Орчин цагийн хамгийн үнэтэй зүйл “чанартай төвлөрөл” болж буй. Зузаан гэгч уран зохиолын номыг хэдхэн цагт багтаасан аудио ном, гял цал 10 секундийн бичлэгүүд, сошиалын хайлтын алгоритм бүгд л бидний анхаарлыг “булаах” зорилготойг ойлгох учиртай. Энэ бүгдэд автсанаар та илүү их цагийг интернэт орчинд өнгөрөөнө гэсэн үг. Харин дижитал минимализм бол энэ бүхний эсрэг өөрийгөө зөв чиглүүлэх арга зүй болно.
Дижитал орчныг хэмжээ хязгаартай ашиглах арга зүй, минимализмыг амьдралынхаа алхам тутамд баримтлах болсон Н.Даваадуламтай ярилцсан юм. Тэрбээр “Би өглөө 05.30 цагт босоод шаардлагатай ажлаа амжуулдаг. Огт сошиал ашигладаггүй гэж хэлэхгүй. Өдөрт 3-4 цагийг зарцуулдаг. Өмнө нь би маш их хувцастайгаас гадна ном, дэвтэр олноор нь цуглуулдаг байлаа. Хамгийн гол нь тэдгээрийг дараа нь хэзээ, хаана ашиглахаа мэдэхгүй, тодорхой зорилгогүй цуглуулдаг гэсэн үг. Хүний хэрэглээ бага байх тусам цаг хугацааг төдий хэмжээгээр хэмнэж чадна. Би утаснаас хамааралгүйгээр амьдрахыг хичээсээр байгаа. Өдрийн тэмдэглэлээ бичихдээ ч товч, богино өгүүлбэрүүд ашигладаг болсон байна. Нэг жилийн өмнөөс эхлэн утсан дахь аппликэйшнүүдээ зоригтойгоор устгасан. Энэ өөрчлөлтийг хийхэд би хоёр сар гаруй хугацааг зарцуулсан л даа.
Түүнчлэн гадаад хэл сурах зорилго өөртөө тавьж, түүнтэй холбоотой материалуудаа утсан дээрээ зургийг нь аваад л хадгалж явсаар 3000 гаруй зурагтай болсон байлаа. Энэ мэт хэрэггүй зүйлийг цуглуулах үйлдлээ хүн санамсаргүйгээр хийсээр байдаг юм шиг санагддаг. Гар утас болон интернэт орчин дахь зүйлс биет биш ч гэлээ эмх замбараагүй байдлыг далдуур үүсгэдэг. Би зурагтын хэрэглээг зургаан жилийн өмнөөс эхлэн хязгаарласан. Сүүлийн гурван жил бол огт үзсэнгүй. Амьдралаа эмх замбараатай байлгах хэвшлийг жил гаруйн өмнөөс тогтвортой суулгасаар явна. Ажлаа зөвхөн ажил дээрээ хийж хэвшүүлснээр цагийн юмыг цагт нь гэдэг зарчмыг мөрдөж сурсан. Алхам тутамдаа чухлыг үлдээх, гол зүйлдээ төвлөрөх зарчмыг мөрдвөл бодол цэгцэрч, анхаарал төвлөрөх боломж бүрддэг. Тиймээс миний дадал хэвшил үйлдлээр илэрч, эргэн тойрны хүмүүст ч нөлөөлж байгаа юм. Дижитал орчинд зарцуулах цаг багассанаар бусадтай илүү чанартай харилцдаг болсон. Энэ нь сошиал огт ашиглахгүй байхын нэр биш. Хамгийн гол нь зорилготой ашиглах хэрэгтэй. Хүн ганцаардлыг мэдэрч, бодол санаагаа цэгцлэх ёстой юм. Харин гар утас ба сошиалаас хамааралтай хүн ганцаараа байгаа гэсэн үг огт биш” гэсэн юм.
Технологи бидний амьдралыг хөнгөвчилж буй хамгийн чухал хэрэгсэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин зорилгогүйгээр ашигласан хэрэглээ бүхэн бидний эсрэг чиглэж буйг мартаж болохгүй. Дижитал хэрэглээгээ хянахыг хүсвэл нэн тэргүүнд үнэт зүйлийн эрэмбэ тогтоох шаардлагатай гэнэ. Түүнчлэн сошиалаас ямар нэгэн юм хүлээхгүй бол хэрэглээгээ эмх цэгцтэй болгож чадна гэж үздэг аж.
Бэлтгэсэн: Д.Хүслэн