Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, олны нэрлэж заншсанаар Орхоны хөндийд байрлах түүх, археологийн хосгүй дурсгал болох Цогт их асар сүмийн туурин дээрх археологийн үзмэрийг хариуцах эзэнгүй орхисноос танигдахын аргагүй болжээ. Мөнх хааны барьж байгуулсан хэмээн түүхнээ тэмдэглэсэн тус сүмийн барилгын үлдцийг хамгаалах, олон нийтэд нээлттэй болгох зорилгоор 2016 онд их танхимынх нь тавцанг ил үзмэр хэлбэрээр тохижуулсан юм. Ингэхдээ тавцангийн хана, түүн дээр гарах шатыг археологийн судалгаанд үндэслэн, ЮНЕСКО-гийн стандартын дагуу сэргээн барьсан байдаг. Энэхүү ажлыг Монгол, Германы Ерөнхийлөгчийн ивээл доор, хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Гадаад хэргийн яам, Археологийн хүрээлэн, “Герда Хенкель” сан, БСШУЯ (хуучнаар)-ны санхүүжилтээр гүйцэтгэсэн.
Хоёр улсын хамтарсан “Хархорум” экспедицийнхэн Монголын эртний нийслэлийн туурин дээр хийсэн малтлага, судалгааныхаа 20 жилийн ойд зориулан үүнийг ёслол төгөлдөр нээж, манай улсад хүлээлгэж өгсөн билээ. Гэвч үүнээс хойш хариуцах, хамгаалах эзэнгүй орхисноос тухайн хэсэг шарилжид дарагдаж, шилэн хаалтууд нь хагаран, тавцангийн хучлага ил гарчээ. МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор У.Эрдэнэбат Соёлын яам соёлын өвөө хамгаалж чадахгүй байгааг дурдаад, ямар ч зүйл эзэнгүйдэхээрээ үнэгүйддэгийг энэ үйл явдлаар жишээ болголоо.