Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сард 3.82 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанкнаас мэдээлэв. Энэ нь өмнөх сарынхаасаа 0.25, оны эхнээс 12.5, жилийн өмнөхөөс 32.9 хувиар өссөн дүн аж. Эргэн сануулахад, уг нөөцийн хэмжээ 2023 оны эхний сард 3.55, дараагийн сард нь 3.39, гуравдугаар сард 3.43, дөрөвдүгээр сард 3.69, тавдугаар сард хамгийн өндөр буюу 3.89, зургадугаар сард 3.81 тэрбум “ногоон” байсан юм. Төвбанк зургадугаар сард гадаад валютын найман удаагийн ээлжит дуудлага худалдаагаар хамгийн багадаа 30, ихдээ 60 гээд нийт 381 сая ам.доллар нийлүүлжээ. Тэгвэл өмнөх сард зургаан удаагийн дуудлага худалдаагаар 43.4- 80.2 сая гээд нийт 363.6 сая “ногоон” нийлүүлснийг статистикаас харж болохоор байв.