Монголын Хөрөнгийн бирж 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 5.0 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 2.4 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллажээ. Улсын төсөвт нийт 429.3 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн байна. Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2023 оны эхний хагас жилд 40,386.51 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 35,154.41 нэгж, дундаж үзүүлэлт нь 37,315.18 нэгж байлаа.
Зах зээлийн үнэлгээ 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 10.99 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.15 их наяд төгрөг буюу 127.26 хувиар өссөн байна.
Үнэт цаасны арилжааны хувьд, 2023 оны эхний хагас жилд нийт 125 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 140 ХК-ийн 855.2 сая ширхэг хувьцааг 429.8 тэрбум төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 428 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 42.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.5 сая ширхэг нэгж эрхийг 3.4 тэрбум төгрөгөөр, компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 374 мянган ширхэг бондыг 37.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 513 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн. Тайлант хугацаанд өдөрт дунджаар 6.9 сая ширхэг үнэт цаасыг 4.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна.