Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр албан ёсоор сунгасан байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г шинэчлэн байгуулжээ. Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь гурван жил буюу 2026 он хүртэл бөгөөд талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацааг сунгах боломжтой юм.Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2011 онд анх 10 тэрбум юаниар байгуулж байсан уг своп хэлцлийн дүн өнгөрсөн жилүүдэд өсөж, хэд хэдэн ч удаа хугацаа нь сунгагдсан. 2011 онд 10 тэрбум юаниар байгуулж байсан бол 2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан, 3 жилээр сунгаж байв. Ийнхүү хэмжээг нь нэмэгдүүлснээр 15 тэрбум юаньтай тэнцэх болсон своп хэлцлийн гэрээний хугацааг 2017 онд мөн 3 жилээр сунгасан. 2017 онд гурван жилээр сунгасан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд давхар шийдвэрлэгдэж байв. Дараа нь 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатайгаар сунгажээ.