УИХ-аас шинэчлэн найруулж баталсан Боловсролын ерөнхий хуульд багш, боловсролын байгууллагуудын ажилтнуудын нийгмийн баталгааг нэмэгдүүлсэн хэд хэдэн зохицуулалт оруулжээ. Ялангуяа нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан бүс нутагт ажиллаж буй багш нарыг онцгойлон авч үзсэн байна. Сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн боловсролын байгууллагад ажиллаж буй багш, ажилтнуудад эхний тав дахь жил болон дараагийн гурван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох аж.
Сургалтын менежер, сургуулийн номын санч, эмч, хоолзүйч, тогооч, багшийн туслах, сэтгэлзүйч нарыг ажилтан гэсэн хэсэгт багтаах юм. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг их, дээд сургуульд тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр үнэгүй сургах юм байна. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газраас батална. Түүнчлэн тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, хөдөлмөрийн онцлогийг харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч, бусад ажилтанд ажлын 15, багш, багшийн туслах, дотуур байрын багш, нийгмийн ажилтан, хоолзүйч, сэтгэлзүйч, аргазүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгохоор тусгажээ.
Боловсролын ерөнхий хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.