“Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний B төлөвийг тогтвортой хэвээр үлдээснийг Монголбанкнаас мэдээллээ. Зээлжих зэрэглэлийн үнэлгээг БНХАУ-ын хил нээгдсэнээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын ДНБ 2023 онд 5.5 хувиар өсөж, эдийн засгийн хэтийн төлөв сайн байхаар тооцон гаргажээ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар зургаан хувиар нэмэгдэх бол 2022 онд дунджаар 15.2 хувь байсан инфляц аажмаар буурах магадлалтай гэв. Институтийн болон засаглалын сул байдал нь зээлжих зэрэглэлийг ахиулахад хязгаарлалт болж буй ч төр, засгаас оновчтой бодлого боловсруулж, тогтвортой байдал үргэлжлэх хүлээлт бийг онцолсон байна. Үүнээс гадна төсвийн алдагдлаа бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа багасган, 2022 онд Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувь хоёр жилийн өмнөхөөсөө 14 орчим нэгж хувиар буурч, 63.6 хувьд хүрснийг мөн тэмдэглэсэн аж. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэж буйгаас БНХАУ руу хийх экспорт өсөн, улмаар Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжрах зэргийг үнэлэн зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үлдээснээ “Эс энд Пи” агентлагаас мэдээлжээ.