“Бууна аа, эгч ээ”. Хажууд сууж явсан залуу бүсгүй ингэж хэлэв. Бид автобусанд биш, онгоцонд, тэр тусмаа араасаа хоёр дахь эгнээнд сууж явсан юм. Онгоц дөнгөж газардаад, ахмад суудлын бүсээ тайлах зөвшөөрөл өгч, дохиог унтраагаагүй байхад л уралдаж босоод ачаагаа ухаж, чихцэлдэн зогсдог бүдүүлэг монгол зан зарим 20 гаруй насныханд ч уламжлагдчихаж. Уг нь би ч бас бууна. Урд эгнээнийхэн буусны дараа л арын хүмүүсийн ээлж ирнэ, хэн ч түрүүлж гарч чадахгүй. Өнөөх бүсгүйд үүнийг сануулсан ч “Дунд нь ороод зогсчихно” гэсэн тул “зам тавьж” өгөөд буцаж суув. Эцсийн дүнд бид хоёр онгоцноос хамт л бууж байгаа юм. Сошиал сүлжээнд ч, хүмүүсийн дунд ч байнга ярьдаг монголчуудын соёлын хамгийн наад захын нэг хандлага бол энэ.
Хүн ам төвлөрсөн, суурьшмал хэв маягт бусдад төвөг удахгүй, нийтийн дэг журам, хуулийг сахиж, харилцан нэгнийхээ эрхийг хүндэтгэн, үүргээ ухамсарлаж амьдрахыг хотын соёл гэж ойлгож болно. Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг бид ирэх аравдугаар сард тэмдэглэх гэж байна. Гэвч суурин амьдраад хэдэн зуун жил өнгөрсөн ч нэг л соёлжиж завдахгүй байгаа нь харамсалтай.
ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЧИХЭВЧ ХЭРЭГЛЭЖ ХЭВШЬЕ
- Автобусны урд суудалд суусан 30 гаруй насны залуу утсаараа бичлэг үзэж байв. Өнөөх бичлэгт хоёр эмэгтэй хэрэлдээд байгаа бололтой, хашхична. Тэр чимээ нь автобусаар нэг сонсогдох нь дарамттай.
- Чихэн дээр чихарсан өнгөөр нэг хүн юм шивнээд байна. Шар үс босом эвгүй чимээ. Зэрэгцээд зогсож байсан бүсгүй бид хоёр бие бие рүүгээ гайхан харав. Гэтэл бидний ард зогсож явсан залуу аймшгийн өгүүллэг сонсож, эсвэл үзэж байсан аж. Тэр чихэвч хэрэглээгүй учраас ойр тойрны хүмүүсийг ийнхүү тавгүйтүүлэн, айлгаад авсан.
Автобус, галт тэрэг, онгоц, албан байгууллага, нийтийн хүлээлгийн танхимуудад байнга ийм дүр зурагтай тааралддаг. Олон нийтийн газарт утсаараа дуу, бичлэг, лайв, кино үзэх бол чихэвч хэрэглэдэг байх нь наад захын соёл. Гэвч ийм ойлголт монголчуудад тун бүрхэг. Өсвөр насны хөвгүүд тар няр хийлгэсэн чимээтэй видео тоглоомоо тачигнуулан тоглож, ид насны залуус, бүсгүйчүүд нь ч элдэв бичлэг, лайваа дуу хадаан сонсоно. Ахимаг насныхны тухай бүр ярих ч юм биш. Тэдэнд хэлээд ч ойлгохоосоо өнгөрсөн. Залуу хүмүүст нь “Уучлаарай, дуугаа намсгаад сонсчих, тэгэх үү” гээд тэсэлгүй хэлнэ. Зарим нь хүлээж авна, зарим нь үгүй. Олон нийтийн газарт бид машин тэрэгнийхээс эхлүүлээд дуу чимээний бохирдолд байнга өртдөг. Үүн дээрээ нэмээд хэрүүл хийж байгаа хүмүүсийн хашхичсан болон элдэв бичлэг, тар няр хийсэн видео тоглоомын чимээнд дарамтлуулмааргүй байна. Ер нь намуухан дуу байсан ч ойр орчмын хүмүүс чинь түүнийг чамтай хамт сонсох албагүй юм.
Эмнэлэгт бүр хэцүү. Ямар нэг байдлаар өвдсөн, шаналсан хүмүүс л эмнэлгээр үйлчлүүлдэг, хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл тасаг дотроо байнга чанга дуутай бичлэг, кино ший үзнэ, эсвэл утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад хэдэн цаг ч хамаагүй “чалчдаг” гээд сошиал орчинд энэ тухай сэтгэгдэл тасрахгүй. Утсаар чанга ярих нь бусдад таатай үйлдэл биш. Настай хүмүүсийн хувьд чих нь хатуурч, сайн сонсохгүйн улмаас чанга яригчийг сонгодог биз. Гэхдээ удаан хугацаагаар ярих гэж буй бол өрөөнөөс гарах нь зөв. Эмнэлгийн удирдлагаас энэ талаар өвчтөн, түүний ар гэрийнхэнд сануулж, “Заавал чихэвч хэрэглэ” гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Автобусанд явж буй бол аль болох товчхон ярьж дуусгаад, буусныхаа дараа “хууч хөөрөх” сонголт бий. Ядаж л хувийн амьдрал, мэдээллээ олон хүмүүст дэлгэхээс сэргийлнэ шүү дээ.
Олон нийтийн газарт бид бие биедээ тухай бүрт нь шаардлага тавьдаг болбол бусдыг дуу чимээгээр “хүчирхийлэгчид” цөөрнө. Бусад хүнээс 2-3 удаа ийм үг сонссон залуус дараагийн удаа чихэвчээ халааслаад явах биз ээ.
ЗЭРЛЭГ, ДУРААРАА АРАНШИН
Сошиал сүлжээнд нэгэн иргэн БНСУ руу явж буй хүмүүст зориулан наад захын соёлоос суралцаач ээ гээд зөвлөгөө бичжээ. Үүний дор нэгэн эмэгтэй “Онгоцонд ортол нэг ах миний суудал дээр сууж байна. “Энэ миний суудал байна” гэтэл “Үгүй” гэв. Тэгэхээр нь тасалбараа гаргаад суудлын дугаараа үзүүлтэл “Өө тийм байна. Гэхдээ юун сүртэй авгай вэ” гэж билээ. 30 хүрээгүй байж авгайгаараа дуудуулаад, ёстой эвгүй санагдсан” хэмээн бичжээ.
Бас нэгэн жишээ. Онгоцонд цонхны хажуугийн суудал бичүүлсэн бүсгүйд ахимаг насны эмэгтэй “Би наад цонхон талд чинь суумаар байна. Чи наана нь суугаад, найзтайгаа юм яриад явчих” хэмээн шуудхан шаардаж, зааварчилжээ. Өнөөх л хээр талд яваа мэт зэрлэг араншин. Тэр хүн цонхон талд суумаар байсан бол анхнаасаа тасалбараа тэгж тааруулж авах ёстой болохоос бусдын суудлыг булаах эрхгүй. Түүнийх шиг ийм тулган шаардалтыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Уг нь олон улсын нислэг байтугай хот хоорондын автобус, галт тэргэнд ч суудлын дугаараар үйлчлүүлдэг болоод удаж байна.
Солонгос жуулчин залуу Монголд аялсан видео бичлэгээ цахим сүлжээндээ цацжээ. Суудлын галт тэргээр манай улс дотор ойрхон аялсан хэсгийг нь харахад нүүр улайм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-т түшлэгээр тусгаарлагдсан, тусдаа суудалтай галт тэрэг байдаггүй. Тиймээс нийтийн унтлагын галт тэргээ суудлынх болгож, нэг орон дээр гурван хүний тасалбар бичдэг юм билээ. Жуулчин залуу энэ ёсоор тасалбараа аваад галт тэргэндээ суужээ. Гэтэл өмнөх өртөөнөөс нь суусан эмэгтэй орыг тэр чигт нь эзлээд унтаж байх нь тэр. Хүнгүй үед ингээд унтаад явах нь бий. Харин суух хүн нь ороод ирсэн байхад өнөөх эмэгтэй унтсан дүр эсгэн “гүрийгээд” босож өгсөнгүй. Ийм тохиолдолтой анх удаа таарсан солонгос жуулчин гайхсан байдалтай, хөл хавьд нь жижигхэн зайд суугаад явж буйгаа бичсэн байна лээ. Ойр орчмынх нь монголчууд ч тэр эмэгтэйд шаардлага тавиад босгосонгүй. Жуулчид урихаасаа өмнө зарим бүдүүлэг монгол иргэнээ нийгэмшүүлэх, хотын соёлд сургахад ч Соёлын яам санаа тавих хэрэгтэй байна.
Эдгээр жишээн дээр дурдсан монгол ах, эгч нар Улаанбаатарын нийтийн тээвэрт суудал булаацалдаж, хүүхэд, залуусыг бүдүүлгээр хөөн босгодог хүмүүсийн төлөөлөл байсан гэдэгт итгэлтэй байна. Ер нь ийм хандлагатай хүмүүст бусдыг хүндлэх, зөв харилцах тухай ойлголт байдаггүй биз ээ. Эелдгээр асуугаад, гуйх юм бол залуус босоод өгдөг. Харилцаанаас харилцаа үүсдэг. Мөн үнэхээр өндөр настай, эсвэл жирэмсэн, нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй ороод ирвэл “гүрийгээд” суух хүүхэд, залуус тун ховор.
Автобусны арын, өндөр суудал дээр нэгэн охиныг хоёр өвгөн хэрхэн “боорлож” буй бичлэг хэдэн жилийн өмнө цахим сүлжээнд тарсан. Хөгшин байсны чинь төлөө танд хэн ч суудал тавьж өгөх албагүй, үүрэггүй. Залуу хүн болохоор сууж болохгүй, бие нь өвддөггүй, ядардаггүй гэсэн үг ч биш. Ер нь хэн автобусанд түрүүлж орж ирсэн нь суугаад явах нь шударга ёсонд нийцнэ. Ахмад настнаа хүндлэх өв уламжлал байдаг учраас л залуус, хүүхдүүд загнуулж, доромжлуулж, элдвээрээ хэлүүлэн байж ахимаг насныхан, эмээ, өвөө нарт суудал тавьж өгдөг. Бага насны хүүхдүүдийг бол шууд загнаад, хөөгөөд босгодог хүн олон. Ийм тохиолдол бүрт харж байгаа хүмүүс шаардлага тавих ёстой. Таны бяцхан хүүхэд хичээлээсээ ядраад харьж явахад хэн нэг эмээ, өвөө ингэж хандвал таалагдах уу. Хүүхдүүдийг хайрлаж, хүндлэх хэрэгтэй. Хөгшин болсныхоо бурууг өөрийнхөө төрсөн үр хүүхдэд л тохож, тэдэндээ ялархана уу. Бусад залуус, хүүхдүүд та бүхэнд ямар ч өргүй юм.
АРИУН ЦЭВЭР, БАС ДАХИН АРИУН ЦЭВЭР
МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1959-1975 онд Монгол орон даяар иргэдийн аж байдлыг дээшлүүлэх, үзэл суртал соёлын салбарт үнэнч сэхээтэн бий болгох зорилгоор бүх насанд хүрэгчдийг бичиг үсэг тайлуулах, ариун цэвэр, эрүүл, соёлч ахуйг хүмүүсийн амьдралд нэвтрүүлэх, өргөн тархсан өвчнүүдийг устгахын тулд “Соёлын довтолгоо” кампанит ажил өрнүүлсэн түүхтэй. Хир дагандаа баригдсан хүмүүсийг барьж авч усанд оруулахаас эхлээд долоо хоног бүр айл өрхийн орны даавуу, гутал хувцасны цэвэр цэмцгэр байдлыг шалгадаг байжээ. Суурин соёлд дадаагүй, нийгэмшиж амжаагүй нүүдэлчдийг ингэж ариун цэвэр сахидаг болгосон юм байна. Одоо сонсоход инээд хүрмээр, бас хүний эрхэд хэтэрхий халдсан мэт шийдвэр. Гэхдээ тухайн цагтаа бол зайлшгүй авах ёстой, үр өгөөжөө өгсөн арга хэмжээ болсон гэж үздэг.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсад байдал ямар байна вэ. Нийгмийн ялгаа улам ихсэж, нийслэлийн захын хорооллоор “Соёлын довтолгоо” өрнүүлчихээр айл өрх улам олшров. “JET” скүүтэр компанийн ажилтан алдагдсан бараагаа авахаар Сонгинохайрхан дүүрэг дэх нэгэн айлд ороод гарч байгаа бичлэг сошиал сүлжээнд ээлжит талцал, хэлэлцүүлэг үүсгэсэн. Ардчилсан улс оронд хүн усанд орох, амаа угаах, үгүй нь, гэрээ цэвэрлэх, эсэх нь түүний эрхийн асуудал байж болно. Гэвч тэр хүн нийтийн тээвэрт сууж, олон нийтийн газруудаар үйлчлүүлэх үед бусдын эрүүл мэнд, цэвэр орчинд амьдрах эрхэд нөлөөлж байна.
Нийтийн тээвэрт, тэр дундаа гэр хорооллоор голдуу дайрч, урт рейсээр явдаг автобусанд нөхцөл байдал үнэхээр хүнд. Сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцээд хотын түгжрэл эрс нэмэгдэж, автобусны ачаалал ихэсдэг. Дүүрэн хүнтэй, шахцалдсан автобусан дотор “үнэрийн дарангуйлал”-д өртсөөр гэрийн бараа харах нь бий. Арчаатай хүмүүс бохир заваан байдаггүй. Гэр хороололд амьдардаг гэхээр заваан байна гэсэн үг бол бүр биш. Харин ч илүү арчаатай, цэвэрч хүмүүс гэр хороололд амьдардаг. Гэвч захын гэр хорооллуудаар усанд орж, амаа угаах, ариун цэвэр сахих гэдгийг мартсан хэсэг байгаа нь нууц биш. “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог” хэмээн “25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогч Б.Тунгалаг бүсгүйн хэлсэн үг бий.
Гэвч хувийн ариун цэврийг мартсан хүмүүсийн хувьд сэтгэлгээний доголдол байх шиг. Ядуурал сэтгэлгээнд байдаг гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх. Нийгмийн энэ хэсэгт шинэ цагийн соёлын довтолгоо, ариун цэвэржүүлэх аян бодлогоор өрнүүлье. Тэнд өсөж буй хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
Нөгөө талаар сүүлийн жилүүдэд монголчууд “гурван сарын виз”-ээр БНСУ явж ажиллах нь нэмэгдсэн. “БНСУ явахдаа усанд ороод, үсээ засаад, угаасан цэвэр хувцас өмсчихөөч ээ” гэсэн санаа зовсон зөвлөгөө сошиалд бас цөөнгүй байна. Хэтэрхий хэнэггүй, гэрийнхээ хажуугийн дэлгүүр орох гэж буй мэт хувцасласан нөхдүүд цөөнгүй явдаг гэнэ. Юу өмсөх нь мэдээж хүний эрх. Гэхдээ тэнд “Монголчууд бохир заваан” гэдэг яриа, ойлголт гарах болохоос хувь хүнийх нь тухай ярихгүй.
ЗАМ, ОРОН СУУЦАН ДАХЬ СОЁЛ
Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхтэй холбоотой жолооч нарын соёл бас нэгэн тулгамдсан асуудал юм. Эсрэг урсгалаас зүүн эргэх гээд дохиогоо өгөөд буй машиныг оруулахгүй зүтгэсээр тэр эгнээнд түгжрэл үүсгэдэг зөрүүд жолооч нар бий. Уг нь хэдхэн хором зогсоод тэр жолоочийг урдуураа оруулж, эргүүлчихэд л болох юм. Зам тавьж өгөхдөө манайхан үнэхээр дургүй. Урдах машин нь эргэж, эсвэл эгнээ сольж байгаа хоёр машиныг оруулчихвал араас нь сигналаар “зодох” шахна. Эсвэл бүр нэгдүгээр эгнээнээс ямар ч дохио өгөхгүйгээр шууд гурав руу эргэдэг хүмүүс байна. Түгжрэл үүсгэхэд ийм жолооч нарын оролцоо багагүй. Орон нутгаас шилжин ирэгсдийн тодорхой хувь нь машин худалдаж аваад, таксинд явдаг. Улаанбаатар дахь байгууллагуудын хаяг, байршлыг ч сайн мэдэхгүй “харанхуй” нөхдүүдэд замын хөдөлгөөний соёлын талаар ярих бас л амаргүй. Машиных нь дотор талын цэвэр, цэмцгэр байдал, үнэрийн тухай яриад ч хэрэггүй биз ээ.
Орон сууцад амьдардаг айлууд бас тусдаа асуудалтай. Бид хөршөө сонгодоггүй. Байнга “үдэшлэг” хийдэг айлтай таарчихвал гэртээ бүрэн амрах ч хэцүү болдог. Нийтийн орон сууцад хөрштэйгөө нэг хана хуваалцан амьдардгаа ийм хүмүүс ойлгодоггүй юм билээ. 2017 онд Зөрчлийн тухай хууль баталснаар 22.00-06.00 цагийн хооронд чанга дуу чимээ гаргахыг хориглосон. Үүнийг зөрчсөн нөхцөлд торгуулийн арга хэмжээ авдаг болсноор нийтийн орон сууцад амьдардгаа ойлгодоггүй хүмүүсийг хазаарлах боломж бүрдээд байна.
Улаанбаатар хот байгуулагдаад 384 жил болж буй ч 1950-иад оноос л орон сууцжуулжээ. Мөн эдүгээ хотод амьдарч буй гурван хүн тутмын нэг нь 1990 оноос хойш Улаанбаатарт шилжиж ирсэн гэсэн судалгаа байна. Үүн дээр жил бүр орон нутгаас нийслэлд нүүж ирэгчид нэмэгдэнэ. 2020 онд Улаанбаатар хотод орон нутгаас 39 мянган иргэн шилжин суурьшжээ. Орон нутгаас ирж буй хүмүүсийн дунд дээр дурдсан соёл, харилцаа, хандлагын асуудалтай нь цөөнгүй. Тэд тийм ч амархан нийгэмшихгүй. Монгол Улсын хүн амын 47 хувь нь Улаанбаатарт төвлөрчихсөн учраас 2027 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай санал хотын даргаас гарч байсан ч дэмжлэг аваагүй юм. Эл хөдөлгөөнийг хотын иргэний өндөр татвараар зохицуулах нэг арга бий.
Энэ нийтлэлд хэсэг хүний тухай л онцолсныг сануулъя. Хөдөө, эсвэл хотод амьдардгаасаа биш, хэрхэн хүмүүжиж төлөвшсөнөөс л энэ бүхэн хамаарч буй юм. Хотынхон зун хөдөө очихдоо байгаль орчныг хэрхэн бохирдуулдаг тухай орон нутгийн иргэдийн ярьдаг ч үнэн. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ бусдаас дутаахгүй гэж биш, бусдад төвөг удахгүй хүн болгож хүмүүжүүлэх хандлага маш чухал. Мөн цэцэрлэгээс нь эхлээд ийм хандлагыг хүүхдэд сургаж, төлөвшүүлэх учиртай. Автобусанд байтугай олон улсын нисэх онгоцонд суудал булаацалдаж буй ахимаг настнуудын хүүхдүүд, ач зээ нар яг л тэр хандлагаар нь хүмүүжиж байгаа шүү дээ. Тиймээс бусдад төвөг удахгүй амьдрах соёлыг дийлэнх монгол хүмүүст бодлогоор суулгах, соён гэгээрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ үнэхээр байна. Иргэд ч бас бурууд нүд хурц байж, дээрх байдлаар бүдүүлэг хандлага гаргасан хүмүүст тал талаас нь сануулж, шаардлага тавьдаг байя.