БНХАУ-д зохион байгуулж буй дугуйн спортын “Tour of Huangshan” олон өдрийн тэмцээнд улсын шигшээ багийн тамирчид хурд сорьж байгаа. Тэднээс Малайзын мэргэжлийн дугуйн спортын “Terengganu” багт нэгдсэн, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хоёр дахь гараанд түрүүллээ. Азийн шилдэг дугуйчны цэнхэр цамц эзэмшиж буй тэрбээр Олон улсын дугуйн холбооноос олгож буй 37 оноог авч, Парисыг зорих эрхийн оноогоо нэмэв. Монголын дугуйн холбоо тус холбооны эрх олгох онооны жагсаалтад 34 дүгээр байрт жагсаж, 1205 оноогоор нэг эрхээ хадгалсаар байна. Манайхан аравдугаар сарын 1 хүртэл зохион байгуулах дугуйн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон, эхний 45 улсад багтвал “Парис-2024” олимпын наадмын нэг эрх, 30 улсад багтвал хоёр эрх авах юм.