НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Номхон далайн бүс нутгийг хариуцсан суурин төлөөлөгчөөр А.Мөнхтуяаг томилсон байна. Номхон далайг хариуцсан салбар нь Фижи улсад байрладаг бөгөөд тэрбээр уржигдар ажлаа хүлээн авчээ. Суурин төлөөлөгч нь удирдлагынхаа нэрийн өмнөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бодлого, журмыг хэрэгжүүлж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хариуцдаг аж. Номхон далайн бүс нутгийн салбар нь Фижи, Холбооны Микронез Улс, Маршаллын болон Соломоны арлууд, Тонга зэрэг 10 улсыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. НҮБХХ нь дэлхийн нийт 170 оронд ядуурлыг арилгах, тэгш бус байдал, гадуурхалтыг бууруулах, хөгжлийг дэмжихийн тулд бодлого, удирдлагын ур чадвар, институцийн чадварыг төлөвшүүлэх чиглэлээр ажилладаг аж.
А.Мөнхтуяа нь Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны их сургуулийг төгссөн, олон улсын хөгжил, хамтын ажиллагаа, хүний эрх болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллаж иржээ. Тэрбээр НҮБХХ-ийн суурин төлөөлөгчөөр Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад сүүлийн дөрвөн жил ажиллаад ийнхүү шинэ албанд томилогдсон юм байна.