“Их тэнгэрт өдөр болгон, өглөө, оройгүй нисдэг тэрэг буудаг боллоо. Ойр хавь, эргэн тойронд нь битүү хотхон, хороолол байхад тийм их чимээ гарган, доогуур нисэх нь ямар хэцүү юм бэ. Ямар их аархал, тансаглал вэ”. Нэгэн иргэний ийм гомдол, бухимдлын мөрөөр холбогдох байгууллагынханд мэдээлэл хүргэж, энэ тохиолдолд хэрхэн зохицуулж, арга хэмжээ авдгийг сонирхлоо. Юуны түрүүнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- ийн Орчны эрүүл мэндийн албаныхнаас асуулаа. Тэд “Манайх энэ асуудлыг хариуцахаа больсон. Өмнө нь МХЕГ хариуцдаг байсан. ЭМЯ- ныхнаас асуугаарай. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасантай холбоотойгоор зарим чиг үүргийн байцаагчийг тус яам руу шилжүүлсэн. Нисдэг тэрэгний дуу чимээг хязгаарлах зохицуулалт байдгийг мэдэхгүй юм” гэв.
Харин ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын зөрчлийн бүртгэл хариуцсан улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа “МХЕГ-т өмнө нь Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв гэж байсан. Энэ төвийнхөн иргэдийн гомдлын мөрөөр дуу чимээний тархалт ямар байгааг тогтоож, хянаж ирсэн юм. Одоо ХНХЯ-ны харьяанд буй. ЭМЯ- нд зөвхөн эрүүл ахуй, орчны улсын байцаагчид бий. Орчин гэдэгт нян бохирдлын асуудлыг хамааруулж үздэг” хэмээсэн юм.
...Манай улсын хувьд иргэдэд хамгийн их дарамт учруулдаг дуу чимээний эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл, олон нийтийг хамруулсан арга хэмжээ. Жолооч нар нь шаардлагагүй үед ч дуут дохиогоо хангинуулж, спорт яндантай машинаа хурдлуулж эр бяраа гайхуулдаг, урлаг, соёлынхон нь хаана л бол хаана хөгжим хангинуулж элдэв шоу зохион байгуулдаг жишиг тогтсон гэхэд болно...
Харин ЭМЯ-ны Салбарын хяналтын газрын зөрчлийн бүртгэл хариуцсан улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа “МХЕГ-т өмнө нь Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв гэж байсан. Энэ төвийнхөн иргэдийн гомдлын мөрөөр дуу чимээний тархалт ямар байгааг тогтоож, хянаж ирсэн юм. Одоо ХНХЯ-ны харьяанд буй. ЭМЯ-нд зөвхөн эрүүл ахуй, орчны улсын байцаагчид бий. Орчин гэдэгт нян бохирдлын асуудлыг хамааруулж үздэг” хэмээсэн юм. Тэдний зааж өгсөн Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв нь зөвхөн ажлын байрны орчинд л энэ төрлийн хэмжилт, судалгаа хийдэг болж таарав. Ингээд Хотын стандарт, хяналтын газрынхантай холбогдлоо. Тус газрын орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Амарзаяа “Нисдэг тэрэгний дуу чимээг иргэний нисэхийн олон улсын дүрмээр зохицуулдаг” гэв. Хүн ам шигүү суурьшсан газарт нислэг үйлдэхдээ, онгоцны буудлыг хот, суурины ойролцоо төлөвлөхдөө ямар шаардлага баримтлах ёстойг уг дүрэмд тодорхой тусгасан байдаг аж.
Дээрх байгууллагынхнаас мэдээлэл тодруулсны үр дүнд агаарын тээврийн дуу чимээг тусгай дүрэм, журмаар зохицуулдгийг мэдэж авлаа. Иргэд дээрх газруудад үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл гаргаад ч нэмэргүй бололтой. Харин тээврийн хэрэгсэл, барилга, байгууламж, тоног төхөөрөмж, аливаа нэг үйл ажиллагаанаас үүдэлтэй чимээ шуугианы талаар холбогдох байгууллагад гомдол хүргүүлэх бол Хотын стандарт, хяналтын газарт л хандах юм байна. Өмнө нь иргэд үүнтэй холбоотой гомдол, мэдээллийг дийлэнх тохиолдолд НЭМҮТ-д гаргаж, тэр нь МХЕГ-ын байцаагчдад хүргэгддэг “маршруттай” байсан бол саяхнаас дээрх газар хариуцахаар болжээ. Түүгээр зогсохгүй “Дуу чимээний бохирдлын менежмент”, “Дуу чимээний бохирдлыг бууруулах технологи, арга зүйн удирдамж”, “Дуу чимээ, дулаан тусгаарлах материалд тавигдах ерөнхий шаардлага” гэсэн шинэ гурван стандартыг Хотын стандарт, хяналтын газраас баталсныг ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх гэж буйг мэргэжилтэн нь онцоллоо.
Хотжилт эрчимжиж, төвлөрөл ихсэхийн хэрээр дуу чимээний бохирдол хэмээх тахал хүн төрөлхтнийг “бүчиж”, амар тайван, ая тухтай амьдрах орон зайг нь улам бүр хязгаарлаж, эрүүл мэндэд нь аюул заналхийлэл учруулж буй. Харамсалтай нь, манай улс өнөөдрийг хүртэл үүнийг хязгаарлах нэгдсэн стандартгүй, хяналт, зохицуулалтгүй явж ирсэн юм. Иргэд ч энэ талаар мэдлэг, мэдээлэлгүйгээсээ хүлцэнгүй хохирогч болж үлдэх нь их. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хянах, эрсдэлээс сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагууд нь ч дээрх байдлаар эл асуудалд хайнга ханддаг. Харин энэ оноос нэгдсэн стандарт мөрдөж эхэлснээр хяналтыг сайжруулах боломжтой гэж албаны хүмүүс үзэж байна. Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Шинэ стандартад дуу чимээтэй холбоотой бүх зохицуулалтыг тусгасан. Эл асуудлыг цэгцлэх боломж бүрдлээ” хэмээн онцлов.
Дуу чимээний бохирдлыг децибел (дБ) хэмээх нэгжээр хэмждэг. 10-20 децибел бол сул, 30-60 бол хэвийн гэж үздэг. Харин 70-80 бол чанга, 90-ээс дээш тохиолдолд хэт чангад тооцдог. Тэгвэл өдгөө Улаанбаатар хотын дуу чимээний бохирдлын түвшин 75 дБ буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 нэгжээр илүү, 2016 оны үеийнхээс ес орчмоор нэмэгдсэн байгааг мэргэжилтнүүд дурдлаа. Орчны чимээ шуугиан ихэссэнтэй холбогдуулан Дуу чимээний бохирдлын менежмент UCS2001А:2023 стандартаар хүлцэх хэмжээг нь газар ашиглалтын бүсээс хамааруулан ялгаатайгаар тогтоожээ. Тодруулбал, шуугианд мэдрэмтгийд тооцогддог сургууль, цэцэрлэгийн бүсэд дуу чимээний хүлцэх хэмжээ өдрийн цагаар 50, шөнө 40 дБ-ээс илүүгүй байхаар стандартчилсан бол цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газарт өдөр, шөнөөс хамаараад 45-55, худалдаа, үйлчилгээний цэгүүдэд 60-70, төрийн удирдлага, бизнесийн бүсэд 50-60, орон сууцын зориулалттай барилгад 40-50, үйлдвэрт 60-70 гэсэн хязгаар тогтоожээ. Өдрийн хугацаа гэдэгт 06.00-22.00, шөнөд 22.00-06.00 цаг хүртэлх үеийг хамааруулсан байна.
Тэрчлэн дуу чимээ үүсгэгч эх үүсвэрүүдэд хязгаар тогтоосон аж. Тээврийн хэрэгслийг суудлын автомашин, автобус, ачааны болон ачаа-суудлын автомашин, мотоцикл хэмээн ялгаж, гадаад дуу чимээнийх нь дээд хязгаарыг 80-88, дотоодынхыг нь 75-80 дБ гэж тогтоожээ. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь сурталчилгааны лед дэлгэц болон дуут усан оргилуураас үүсэх чимээний хүлцэх хэмжээг таван дБ-ээс илүүгүй байх ёстой гэжээ. Харин задгай талбайд болж буй, олон нийтийг хамарсан арга хэмжээнээс үүсэх чимээ шуугиан ойролцоох орон сууцын хороололд 65 дБ-ээс илүү сонсогдох ёсгүй гэж тусгасан байна. Манай улсын хувьд иргэдэд хамгийн их дарамт учруулдаг дуу чимээний эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл, олон нийтийг хамруулсан арга хэмжээ. Жолооч нар нь шаардлагагүй үед ч дуут дохиогоо хангинуулж, спорт яндантай машинаа хурдлуулж эр бяраа гайхуулдаг, урлаг, соёлынхон нь хаана л бол хаана хөгжим хангинуулж элдэв шоу зохион байгуулдаг жишиг тогтсон гэхэд болно. Уншигчид анзаарсан бол сургууль, цэцэрлэг, амралт зугаалга, худалдаа, үйлчилгээний бүс, орон сууц зэрэг хязгаарлагдмал орчин бүхий газарт дуу чимээний хүлцэх хэмжээ 40-70 дБ буй бол тээврийн хэрэгслийнхийг 80-88 гэж заасан нь бид гудамж, талбай, авто зам дагуух газарт хүссэн, эс хүссэн ч дуу чимээний “дарангуйлалд” өртдөгийг харуулж байна.
Шинэ стандартад “Гадна орны дуу чимээний бохирдлыг бууруулах чиглэлд Хотын стандарт, хяналтын газар хяналт тавьж ажиллана” хэмээн тусгажээ. Үүний тулд хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, цаашид хийх бүтээн байгуулалт, шинээр ашиглалтад оруулж буй орон сууцуудад хатуу хяналт тавьж, зураг төсөл боловсруулах, барилга барих, ашиглалтад оруулах гээд үе шат бүртээ дуу чимээнээс хамгаалах арга хэмжээ авахыг шаардах гэнэ. Орон сууцын хороолол төлөвлөхдөө эрчим хүчний газар, авто болон төмөр зам, нисэх буудал, автобусны парк зэрэгтэй хэр ойр байгаагаас шалтгаалаад эрүүл ахуй, хамгаалалтын бүс тогтоох нь. Жишээ нь, үйлдвэртэй ойр бүсэд хотхон байгуулах тохиолдолд дуу шуугиан, доргио чичиргээнийх нь хүчнээс хамаараад 200-1000 метрийн зайд төлөвлөх ёстой юм байна.
Тэгвэл иргэд дуу чимээний бохирдлоос болж хохирч буй талаараа хэрхэн мэдээлж, шийдүүлэх боломжтой вэ. Хотын стандарт, хяналтын газрын мэргэжилтнээс үүнийг асуухад “Эхлээд энэ талаарх гомдлоо манай байгууллагад бичгээр ирүүлнэ. Бид тэр дагуу хяналт тавиад, зөрчлийг арилгах, дахин давтахгүй байх арга хэмжээ авна. Бохирдол үүсгэгч аж ахуйн нэгж, иргэн дуу чимээ бууруулах арга хэмжээ авсан уу, зайлшгүй хийх ёстой төлөвлөлтүүдийг хэрэгжүүлсэн байна уу, стандартаар тогтоосон хамгаалалтын бүсийг баримталсан уу гэдгийг хянана” гэсэн юм. Шинэ төрлийн стандарт баталсантай холбогдуулан дуу чимээ хэмжих зориулалт бүхий мэдрэгчийг гудамж, замын сүлжээнд суурилуулахаар төлөвлөж байгаагаа ч дурдлаа. Ийм технологи нэвтрүүлчихвэл нийслэлчүүд хэр хэмжээний “дарамтад” өртөж буйг илүү бодитой, тогтмол хянах боломж бүрдэх нь. Хөгжингүй орнууд үүний тусламжтайгаар иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалаад уджээ. Харин бид одоо л нэгдсэн стандарттай болж, хяналтын төхөөрөмж ашиглах тухай ярьж эхлэв.