Он гарсаар гишүүд тойрог руугаа шогших нь олшров. Сонгууль болтол жил хүрэхгүй хугацаа үлдсэн тул тэд өдгөө найр, наадмын хүндэтгэлийн суудал эзлэн, “гол дүр” бүтээж явна. Төрийн одон медаль, шагнал урамшуулал гардуулах нь ч түшээдийн ажил болжээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Баянхонгор аймгийн багийн нийт Засаг дарга болон эмч нарыг ажлын унаагаар хангаж буй хэмээн бахархаж байгаа нь илт. Саяхан Засаг дарга нарт 77, эмч нарт 33 мотоцикл, 12 ширхэг гематологийн автомат анализатор өгсөн юм байна. Дараа нь багийн асаг дарга нартай үдийн зоог барьсныг нь фэйсбүүк хуудаснаас нь харж болно. Уг нь мотоциклынх нь мөнгийг А.Адъяасүрэн гишүүн халааснаасаа бус, улсын төсвөөс гаргасан. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн төсөвт 300 сая төгрөг тусган хэрэгжүүлсэн “Багийн асаг дарга нарыг чадавхжуулах тоног төхөөрөмж” төслийн хүрээнд хийсэн ажил юм.
Нарийвчлан хэлбэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцаас санхүүжүүлсэн төсөл аж. Багийн эмч нарт өгсөн гээд байгаа мотоцикл, анализатор ч адил. 2022, 2023 оны төсвийн хүрээнд 450 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж” төсөл юм. Мөнгийг нь Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас буюу Засгийн газраас гаргасан гэсэн үг. Мөн сүүлийн хоёр жилд улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслийг шинэчлэхэд 2.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тус дүүргээс сонгогдсон гишүүн П.Анужин “Гишүүн болонгуутаа хийсэн эхний ажил маань сургуулийн хүүхдэд ногдох үдийн хоолны зардлыг орон даяар нэмэгдүүлэх явдал байсан юм.
Ажлын хэсэг байгуулан ажиллаж, нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгуулсан. Сонгинохайрхан дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн гал тогоог өөрчилж дууслаа” хэмээн нийгмийн сүлжээнд “мэдэгдсэн” юм. Бас Х.Баделхан гишүүн “УИХ-ын гишүүнээр сонгогдсон хугацаанд олон гүүр ашиглалтад оруулжээ” гээд Баян-Өлгийн баахан гүүрний зургийг фэйсбүүктээ нийтэлжээ. Түүнчлэн Өнгөрсөн сард Хөвсгөл аймагт ашиглалтад оруулсан өвөл, зуны хүлэмжийн цогцолборын нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцон, тууз хайчилна лээ. Тухайн бүтээн байгуулалтын зардлыг сүүлийн хоёр жилийн төсөвт нийт 400 сая төгрөг тусгаж байж байгуулсан юм. Харин тэрбээр тус төслийг хөөцөлдсөний үр дүнд төсөвт хөрөнгийг нь тусгуулсан гэх “гавьяа”-тай тул тууз хайчилж буй хэрэг.
Засгийн газраас хийж, татвар төлөгчдийн мөнгөөр бүтээсэн бүхнийг өөртөө наадаггүй гишүүн УИХ-д бараг үгүй. Бүр төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын бүхий л төслийн мөнгөн дүнг нэгтгээд, төдөн тэрбум, их наядын ажил хийлгэлээ хэмээн сайрхах нь энүүхэнд. Цэцэрлэгийн хүүхдийн аяга, халбаганаас авхуулаад тоглоомын талбай, тоног төхөөрөмж, машин, техникийн хэрэгсэл авах, суурь дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийх, орон сууц барих, тэр ч бүү хэл өвөл зутарсан малчдад улсын нөөцөөс өгдөг өвс, тэжээлийг хүртэл “өмчлөх” гэж адгадаг, тэд. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил бүхэн нь ч түшээдийнх болж хувирдаг.
Харин А.Адъяасүрэн гишүүн цар тахлын үед аймгийн төвийн 10 багийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 450 өрхөд хүнсний болон ахуйн хэрэглээний тусламж, 2000 малчин өрхөд 100 сая төгрөгийн дэмжлэгийг өөрөөсөө өгсөн юм билээ. Зорилго, агуулгын хувьд Засгийн газрын ажлыг зувчуулдгаас ялгаагүй, тойргийнхондоо таалагдаж, саналыг нь алдахгүйг хичээсэн заль л даа. Ийм жишээ бишгүй. Тухайлбал, гишүүн Д.Батлут, С.Ганбаатар нар Орхон аймгийн газар тариалан эрхлэгч 52 иргэнд иж бүрэн хүлэмж өгөв. Мөн Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан сумын 100 жилийн ойг тохиолдуулан сонгогдсон гишүүд нь иж бүрэн хөгжим, тоног төхөөрөмжийг 12 сая төгрөгийн хамт гардууллаа. Түүнчлэн өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн үүсгэн байгуулсан сангаар дамжуулан Завхан аймгийн 24 сумын эмнэлэгт олон үйлдэлтэй ор тус бүр нэгийг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн сард тойрогтоо ажиллахдаа Баянхонгор аймгийн Өлзийт, Жаргалант, Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Шаргалжуут сумын тариалан эрхлэгчдэд 20 сая төгрөгийн үнэ бүхий усны помп гардуулсан байна.
Сонгогчдын саналыг цуглуулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн хэлбэр нь ч олон янз. Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийнх нь тэргүүн Ц.Анандбазар “Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Зундуйн Доржийн дууг хэн сайн дуулах вэ” уралдааныг дуучид, уран бүтээлчид, ардын авьяастнууд, иргэд, малчдын дунд зарласан байна. Ирэх 25-нд болох эл уралдааны шагналын сан 10 сая төгрөг гэнэ. Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан Налайх, Багануур, Багахангай дүүргийн ахлах ангийн сурагчдын дунд шилдэг төсөл шалгаруулах уралдаан зарлаж, урамшуулсан аж. Ойрын үед болсныг нь онцлон дурдаж буйгаас бус, УИХ-ын гишүүдийн “ивээл”-д багтдаг энэ мэт уралдаан, тэмцээн, тэтгэлэг, дэмжлэг нэлээд аж.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар саяхан Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан өөрөөсөө 30 сая төгрөгийн хөрөнгө гаргасны сацуу Булган аймгийн 14 сумын 41 иргэнийг Байгал далайд аялуулсан байна лээ.
Бас тэд баяр ёслолоор далимдуулан тойргийнхондоо бэлэг, сэлт илгээж, тав, арван “цаас” атгуулахаа мартахгүй. Ер нь манай улстөрчдийн сонгогчдод тараадаг эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж, музей байгуулахад ч баялаг “үзмэр”-ийн жагсаалт бий.
Улсын баяр наадмын дараахан гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт БНСУ-ын эмч, мэргэжилтнүүдийг урин, иргэддээ үнэгүй үзлэг, эмчилгээ хийлгээд зогсохгүй нүүрийг нь будуулж, үсийг нь засуулж өгөв. Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт БНСУ-аас 18 эмч бүхий баг 14 хоног ажиллан, амьдралын боломж, нөхцөл тааруу хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийсэн явдлыг ч сонгогдсон гишүүн нь “олзолж” байлаа.
УИХ сая Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Үүнийг 2030 он хүртэл хэрэгжүүлснээр улс төрийн хүрээний авлигыг бууруулан, тэр дундаа сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санал худалдаж авах бүх хэлбэрийг хориглох эрх зүйн орчныг боловсронгуй болгоно хэмээж буй. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулан байж сонгуулийн тогтолцооны “реформ хийлээ” гэж байгаагийнхаа хэргийг гаргах учиртай. Жалга, довноосоо хэтрэхгүй, тойргийн, явцуу эрх ашигт захирагдаж ирсэн алдааны тод жишээ нь энд тоочиж, нэрлээд буй улстөрчдийн үйлдэл, “тоглолт” шүү дээ. Тиймээс иргэд, сонгогчдыг илт доромжилсон, оролцох ёсгүй зүйлдээ хутгалддаг, бусдын бүтээснээр хүүдэгнэдэг энэ бүх үйлдлийг одоо хориглож чадах уу. Эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн суурь үйлчилгээ, дэд бүтэц нь чанартай, хүртээмжтэй, ард иргэд нь ажилтай, орлоготой байна уу гэдэгт өгөх хариулт нь УИХ-ын гишүүдийн ажлын үр дүн байлтай.