УИХ-ын хаврын чуулганаа хаачихлаа, найр наадмаа хийчихлээ. УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн баталчихлаа. Ирэх сонгуульд оролцох нам, эвслүүдийн хувьд эрх зүйн орчин одоо тодорхой болсон. Сонгуулийн тогтолцоог холимог болгож, улс төрийн намуудын парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэх, институцийг нь төлөвшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг олон зохицуулалтыг эдгээр хуулиар хийснийг дэвшил хэмээн үзэж буй.
Гуравдагч хүчний намууд ирэх сонгуульд хэнтэй эвсэх, эсвэл нэгдэхээ ярилцсаар байна. Тэд стратегиа боловсруулж байх зуурт шинээр нам байгуулаад, улс төрд цахиур хагалах том хүсэл тээсэн залуус ч гарч ирэв. 126 гишүүнийг холимог хувилбараар сонгоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад улсын бүртгэлд ч бүртгүүлж амжаагүй, мэндлээгүй намуудад боломж олдох болов уу.
90 ХОНОГИЙН ӨМНӨ БҮРТГҮҮЛСЭН БОЛ “ВИЗ” ОЛГОНО
1990 онд анх баталсан Улс төрийн намын тухай хуульд намууд үүсгэн байгуулагдаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш 18 сарын дараа шат шатны сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулсан байв. Гэвч 2005 онд уг заалтыг хүчингүй болгосон юм. Ер нь УИХ-аас холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах бүртээ хугацааны энэ хязгаарыг танасаар иржээ. Улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураах өдрөөс жилийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх заалт оруулав. Парламентын гишүүд хуульд ээлжит нэмэлт, өөрчлөлт хийх үедээ үүнийг 180 хоног болгон бууруулсан байна. 2019 оны хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нам, эвслүүд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэхээр тусгасан аж. Улмаар 28.1.3-т “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн” нам, эвслийг бүртгэх шалгуур тавьсан байв. Гэтэл уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн тогтоолын дагуу 2020 онд хүчингүй болгожээ. Ингээд 60 хоног гэдэг тоотой л үлдэв.
Тэгвэл УИХ-аас шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулиар санал хураах өдрөөс 90 хоногийн өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн байж сонгуульд оролцох эрх авах “босго” тогтоосон байна. Санал хураах өдрөөс 90 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлж амжсан л бол шинэхэн намуудад сонгуульд оролцох үүд хаалга нээлттэй болж, өрсөлдөх “виз” авах эрх үүснэ гэсэн үг.
ХУГАЦААГ БОГИНОСГОХЫН ЦААД ЭРХ АШИГ ЮУ ВЭ
Нам, эвслүүдийн сонгуульд оролцохтой холбоотой хоног тогтоосон хязгаарыг яагаад буулгасаар ирэв? Хариулт нь энгийн. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалахын тулд элдэв хязгаарыг хассан юм байна. Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулахдаа төлөвшил, бодлого, хариуцлагын системийг бий болгох том зорилго тавьсан. Гэтэл төлөвшиж амжаагүй, дөнгөж мэндэлсэн намууд шууд л УИХ-ын сонгуульд оролцоод явах нь хэр зохимжтой бол.
Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох бол бидний Үндсэн хуулиараа баталгаажуулсан суурь эрх. Гэвч миний эрх чиний эрхээр хязгаарлагддаг гэдгийг санах учиртай. Өдөрт нэг сенсаац даган хуйларч, маргааш нь мартдаг сонгогчидтой улсын хувьд төлөвшиж амжаагүй намуудыг сонгуульд оролцуулах нь эрсдэл ихтэй алхам. Сонгогчдын “тархийг угааж” чадвал төрийн ажлын туршлага, мэдлэг, чадвар зэргийг үл харгалзан хэн ч УИХ-д сонгогдох боломжтой. Хайртай дуучин, хүндэлдэг бөх нь сонгуульд нэр дэвшмэгц л шууд сонгож орхидог ард түмэн шүүдээ, бид. Энэ бүхний цаана төрийн ажил, түмний төлөөлөл болж ажиллах хэмжээний чадвар, хариуцлага байдгийг мартаж боломгүй.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед гуравдагч хүчний зарим намаас “Аливаа нам байгуулагдсанаасаа хойш таван жилийн дараал сонгуульд оролцох эрхтэй байх нь зөв” гэсэн санал өгсөн юм билээ. Нам бол шат шатны сонгуульд оролцож, улмаар төрийн эрх барих зорилго агуулж ажилладгаараа төрийн бус бусад байгууллагаас ялгагддаг. Тиймээс намын удирдлага нь ч, гишүүд нь ч тодорхой хэмжээнд төрийн ажлын туршлага, мэдлэг хуримтлуулж, төлөвших хугацаа хэрэгтэй. Гэтэл шинэ хуулиар өнөөдөр нам байгуулаад л маргааш нь сонгуульд оролцох боломж олгочихсон гэхэд болно. Үүнийг ч зарим намын зүгээс шүүмжилж, дээрх саналыг гаргасан юм билээ. Таван жил биш ч өмнөх шиг нэг жилийн хязгаар байх нь зөв мэт. Энэ хугацаанд намууд ядаж л дотоод бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа жигдлээд авна.
Ингэж төлөвших хугацаа олгох шаардлагагүй гэж үзсэн зохицуулалтын ард ямар эрх ашиг нуугдана вэ. Улс төрийн бүх нам ялах гэж, УИХ-д суудалтай болох гэж сонгуульд оролцдоггүй. Тийм боломж, чадамж ч бүгдэд нь үгүй. Үүнийг парламентын сонгуульд найман удаа оролцсон хэрсүү сонгогчид хэдийн мэдэж буй. Намуудын зарим нь санал хуваах, “бизнес” хийх зорилготой байдаг нь нууц биш. “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бүх намд МҮОНРТ-д сурталчилгааны цаг өгдөг. Энэ цагаа зарах гэж сонгуульд оролцдог намууд ч бий” хэмээн гуравдагч хүчний нэгэн намын дарга ярьсан.
Өрсөлдөгчөө буулгаж авах олон аргынх нь нэг бол элдэв “халаасны нам” байгуулах боломжийг бүрдүүлэх байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өрх тусгаарлах үед МАН-ынхан МАХН гэж товчлох боломжтой бараг бүх нэршлээр Улсын дээд шүүхэд бүртгэл үүсгэж байсан “хөгжилтэй” түүх бий.
ОТГОН НАМЫН СУРАГ
Улсын дээд шүүх хамгийн сүүлд буюу өнгөрсөн тавдугаар сард Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг бүртгээд байна. Мөн хэсэг залуу хамтран Либертари нам байгуулахаар 801 иргэний гарын үсэг цуглуулж байгаа юм билээ. 801 хүнийг арын үсэг тойрсон маргаан бас гардаг. Тэгвэл хуучин социалист тогтолцоотой байсан бусад оронтой харьцуулахад энэ тоо нь дундаж аж. Юутай ч тэд сонгодог либерал, консерватив хоёрыг нийлүүлсэн, баруун жигүүрийн палео либертари үзэл баримтлалтай нам болох гэнэ. Улмаар “Чөлөөт зах зээлийн системд суурилсан хөгжлийн бодлогыг Монгол Улсад хэрэгжүүлнэ” хэмээн зорилгоо тодорхойлжээ. Тэд холбогдох материалаа бүрдүүлэн Улсын дээд шүүхэд хүргүүлж, улмаар шаардлага хангавал хамгийн отгон нам болох юм. Гэхдээ эвлэлдэн нэгдэхийг хүссэн хүн бүхэнд ирэх оны гуравдугаар сар хүртэл боломж бий.
Том мөрөөдөл тээсэн залуус эвлэлдэн нэгдэхийг буруутгахгүй. Хуулийн хугацаанд л багтаж байвал сонгуульд оролцож, үзээд алдах, элдэв “бизнес” хийх, “төрөөд” удаагүй ч төрийн эрх барихын төлөө өрсөлдөх эрх нь тэдэнд нээлттэй. УИХ-аас баталсан хуулиа л дагана. Харин өөрсдөө хэрхэн улиран сонгогдох, өрсөлдөгчөө яаж замаас зайлуулах вэ гэсэн тулга тойрсон шийдвэр гаргаж буй “ах нар” нь л үүнд буруутай.
Эрх мэдлийн тогтолцоог задална, намуудад тэгш гараанаас өрсөлдөх боломж бүрдүүлж, төлөвшүүлнэ, авлигаас салгана гэх мэтээр өөдрөг төсөөлсөн дэвшилт заалт дээрх хоёр хуульд оруулсан хэмээн улс төр судлаачид ам сайтай байгаа. Гэвч улс төрийн намуудыг төлөвшүүлнэ гэчихээд “том болох” хугацаа олгохгүйгээр сонгуульд оролцох “виз” дарах нь хуулийн үндсэн агуулгатай зөрчилдөөд байна. Хоёр алхам урагшлаад, нэг алхам ухраад байгаа нь харамсалтай.