Валют арилжааны “Найман шарга” захад өчигдөр юанийг 492 төгрөгөөр худалдан авч, 497-гоор борлуулж байв. Энэ нь сүүлийн 14 хоногт тус захад борлуулж буй юанийн ханш 19, худалдан авах нь 16 төгрөгөөр өссөн дүн боллоо. Уг валютын ханш сүүлийн 2-3 сард төдийлөн хэлбэлзээгүй ч ийнхүү хоёр долоо хоногийн хугацаанд бараг 20 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ талаар “Найман шарга”-ын нэгэн ченж “Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх учраас юанийн ханш цаашид улам өсөх байх. Ер нь баяр наадам, амралт зугаалгын улирал дуусахтай зэрэгцэн манай улсын гадаад худалдааны голлох валютуудын эрэлт, ханш нэмэгддэг хандлагатай. Мөн банкууд ажиллахгүй байгаатай холбоотойгоор бэлэн юань ховордсон” гэлээ. Тэгвэл Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр нэг юань 474.53 төгрөгтэй тэнцсэн нь энэ сар гарснаас хойш тав орчим төгрөгөөр “чангарсан” дүн болов.