- Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Монголд эхэллээ -
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өчигдөр Улаанбаатарт эхэллээ. Дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж буй орнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Валштрөм 2014 онд анх бий болгосон “феминист гадаад бодлого” гэх эл ойлголт нь ерөнхийдөө эрх тэгш байдлыг бий болгохтой холбоотой асуудлыг гадаад бодлогын төвд тавихад чиглэдэг. Монгол Улс ч эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй явуулж, жендерийн зааг, ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн. Үүний илэрхийлэл болсон эл уулзалт нь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах төдийгүй жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр болно хэмээн зохион байгуулагчид, оролцогчид төдийгүй дотоод, гадаадын ажиглагчид, олон нийт найдаж байна.
10 ГАРУЙ ЭМЭГТЭЙ САЙД ИРЖЭЭ
Азид, тэр дундаа Монгол Улсад анх удаа болж буй эл уулзалтыг Герман, Франц улс хамтран зохион байгуулж байна. Франц улс феминист гадаад бодлого хэрэгжүүлэхээ зарлангуутаа өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Европын орнуудад ажиллаж байгаа дипломат ажилтнуудынхаа тал хувийг эмэгтэй болгох зорилтдоо амжилттай хүрснийг сонирхуулъя. ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна нар ч эл уулзалтад биечлэн оролцлоо.
Ер нь Гадаад хэргийн сайд, эсвэл Ерөнхий сайдаараа эмэгтэй хүнийг томилсон улс орон феминист гадаад бодлого явуулсан тохиолдол нийтлэг ажиглагдаж буй. Хамгийн сүүлийн жишээ гэвэл ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок 2021 онд эл албан тушаалд томилогдмогц феминист бодлого явуулахаа зарласан байдаг. Манай улсын хувьд ч хэдийгээр феминист гадаад бодлого хэрэгжүүлнэ гэж зарлаагүй ч Гадаад харилцааны сайдаараа эмэгтэй хүн томилоогүй бол энэ уулзалтыг зохион байгуулах байсан, эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ Гадаад харилцааны сайдаар томилогдсон анхны эмэгтэй нь Б.Батцэцэг биш болохыг тэмдэглэе. 1998-2000 онд Н.Туяа, 2007-2008 онд С.Оюун Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан юм. Сайд асан С.Оюун тус уулзалтад Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирлын хувиар уригдан оролцож буй.
Түүнээс гадна Индонез улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор, Австралийн Холбооны Улсын жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Мозамбик улсын Элчин сайд Ана Немба Уаине болон Олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмид нарын өндөр албан тушаалтан хүрэлцэн иржээ. Дэлхийн дөч гаруй улсын дипломат албаны тэргүүн нь эмэгтэй хүн байдгийн арав гаруй нь Улаанбаатарт чуулж буй хэрэг.
БНАСАУ: МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ОНОВЧТОЙ ГАДААД БОДЛОГОО ХАРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Үүнээс гадна Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист, феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг Андор, Перу, Люксембург, Нидерланд, Монако, Шинэ Зеланд, Япон, хоёр Солонгос болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед, орлогч ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд нэн буурай, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Рабаб Фатима зэрэг 10 гаруй төлөөлөгч цахимаар оролцож буй. Тухайлбал, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хигийн мэндчилгээг Улаанбаатарт суугаа тус улсын Элчин сайдын яамны төлөөлөгч индрээс уламжилсан бөгөөд “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт нь өнөөгийн олон улсын эгзэгтэй нөхцөл байдал, улс орнуудын эв найрамдал, оршин байх, эсэхтэй холбоотой харилцааг бэхжүүлэхэд нааштай хувь нэмэр оруулах болно. Түүнчлэн дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх Монгол Улсын төр, Засгийн газрын оновчтой гадаад бодлогыг харуулах сайхан боломж нь энэ удаагийн уулзалт юм. Олон улсын аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь тухайн улс орон гэхээс илүүтэй нийт хүн төрөлхтний үйл хэрэг болоод байна. Манай улс дэлхийн энх тайван, бүс нутгийн аюулгүй байдлыг сахих, байгаль орчныг хамгаалах ажлыг чухалчлан үздэг бөгөөд үүнийхээ дагуу Монгол болон бусад улс оронтой нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн онцолжээ.
ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ХҮЙСИЙН ТЭГШ ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАХАД 40 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ
НҮБ-ын орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима тус уулзалтад биечлэн оролцохоор байсан ч цахимаар холбогдсон юм. Тэрбээр “Цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Энх тайван, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал гэсэн харилцан уялдаатай асуудлуудыг хэлэлцэх гэж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттеришийн хэлсэнчлэн жендерийн тэгш байдал нь мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгөх ч бид эсрэг чиглэл рүү нь яваад байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямрал охид, эмэгтэйчүүдэд хамгийн хүнд цохилт болж буй. Тэд хүнс, усны дутагдалд орж, хүчээр шилжүүлэн суурьшуулж байгаа. Тиймээс дэлхий даяараа тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хамтаараа хүчин зүтгэх шаардлагатай. Бид өнөөгийн хурдаар ажиллавал улс орнуудын хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилгаж, жендерийн эрх тэгш байдлыг хангасан эрх зүйн орчинтой болоход 286 жил шаардлагатай. Мөн шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш төлөөллийг бүрдүүлэхэд багадаа 40 жил хүлээх нь. Дээд төлөөлөгчийн хувиар хэлэхэд нэн буурай, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын 92 жижиг орон байна. Эдгээр оронд жендерийн тэгш байдал илүүтэй алдагдаж, охид, эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг хамгийн ихээр амсахаас гадна хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний 80 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй. Гэсэн ч бүсгүйчүүд нийгмийн хөгжлийг урагшлуулахад оролцох ёстой. Ингэж ч чадна” хэмээн бүх салбарт эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог бодитой нэмэгдүүлэхийг уриалав. Үнэхээр ч феминист гадаад бодлого хэрэгжүүлэхээ зарласан улс орны жендерийн үзүүлэлт нь дэлхийд дээгүүрт ордог ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай сайн түвшинд хүрээгүй л байна.
Нээлтийн ажиллагаанд гадаад, дотоодын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагынхан, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон монгол эмэгтэйчүүд гээд 400 орчим төлөөлөгч байлцсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэхдээ дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг, оролцоо, манлайлал нэн чухал байгааг тэмдэглэв. Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг тэрбээр уриаллаа.
Б.БАТЦЭЦЭГ: ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ, УУЛЗАЛТ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН
Дараа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлж, “Хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө бүгд хүчээ нэгтгэж, эмэгтэйчүүдийн бүрэн оролцоог хязгаарлаж буй амьдралын бүхий л талбар дахь саад, бэрхшээлийг арилгахын төлөө хамтран ажиллах ёстой” гэв. Тэрбээр “Монгол Улс нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс аливаа бүс нутаг, олон улсын арга хэмжээ, уулзалт, бага хурлыг хүлээн авч, зохион байгуулахад бэлэн байна. Монгол Улс феминист гадаад бодлоготой хэмээн албан ёсоор тунхаглаагүй ч эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын санаачилгуудыг тууштай дэмжиж ирсэн. Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь ёс суртахууны хэмжүүрт шаардлага төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжил, дэвшлийн амин чухал хурдасгуур хүчин зүйл юм. Хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн дэвшил нь бид бүгдийн жам ёсны үүрэг бөгөөд үүнд төр, засаг, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, хувь хүн гээд бүгд хүчээ нэгтгэн, урагш тэмүүлэх шаардлагатай” хэмээн онцолсон юм.
Эхэнд дурдсанчлан феминист гадаад бодлого нь маш олон салбарыг хамардаг. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцогчид ч энх тайван, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалах бодлогыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Тухайлбал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “1325” гэсэн тогтоол бий. Дэлхийд болж буй зэвсэгт мөргөлдөөн, аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсэхэд хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их хохирдог. Тэдний эрх ашгийг хамгаалах, энхийн хэлэлцээ хийхэд эмэгтэйчүүдийг оролцуулах, эмэгтэй энхийг сахиулагч нарыг дэмжих зорилт дэвшүүлэн эл тогтоолыг баталсан байдаг. Иймд тэд цаашдын үүрэг амлалт, хамтын ажиллагаагаа тодорхойлж, төгсгөлийн баримт бичиг гаргав.
Уулзалтыг дүгнэж хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Францын Гадаад хэргийн сайд “Эмэгтэйчүүдийн оролцоог үгүйсгэж байгааг бид эсэргүүцэх ёстой. Афганистан гэх мэт олон оронд охид, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа барим тавим баримтууд нь дэндүү ичгүүргүй юм. Оросын түрэмгийлэгчид бүсгүйчүүдийг хүчирхийлж байгаагийн дэргэд нүдэн балай, чихэн дүлий суумааргүй байна” гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт жендерийн тэгш эрхийг хангах чиглэлээр нэг сая еврогийн дэмжлэг үзүүлж буйгаа зарлав. Герман улсын хувьд мөн ийм хэмжээний дэмжлэгийг энэ онд өгч, дараа жилээс нэмэгдүүлэхээ илэрхийлсэн бөгөөд сайд А.Бербок “Өнөөгийн дэлхийд ганц улсын асуудал гэж байгаа больсон. Аль ч улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа учраас бид нэгдлээ. Эмэгтэйчүүдийн аюулгүй байдал бол улс орны аюулгүй байдал юм” хэмээн онцолсон юм. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт өнөөдөр өндөрлөнө.