“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан Д.Эрдэнэбилэг хилээр гараад, ирээгүй байгаа асуудлаар Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн өмчийн гол гурван үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Эрдэнэбилэг оргон зайлсан нөхцөл байдалтай байна. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холботой маргааныг 2019 оноос, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой хэргийг 2020 оноос эхлэн АТГ шалгаж байна. АТГ 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэргийг прокурорт шилжүүлсэн. Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд “Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн. Энэ хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр шийдсэн байна” гэж мэдээллээ.
Д.Эрдэнэбилэг нь 14 хоног эмчлүүлэхээр 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригоо цуцлуулжээ. Гэтэл 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хилээр гараад өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Улмаар өнгөрөгч дөрөвдүгээр сард прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хэргийн гол эзэн яллагдагч Д.Эрдэнэбилэг байхгүй гэх шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаажээ.
Тиймээс дээрх процесс шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж үзэж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байна. Тус хэрэг зөвхөн Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудал биш бөгөөд бусад 21 хүнийг явуулчихсан байх вий гэх хардалыг ч дагуулж байна. Б.Болор, Д.Эрдэнэбат, Ц.Пүрэвтүшин, О.Орхон, н.Батбаяр, н.Энхболд зэрэг хүмүүст ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт гаргаж байгаагаа Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат мэдээллээ.