НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн зургадугаар сарын 26-ныг Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгон тунхагласан. Үүний хүрээнд ХЭҮК өчигдөр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад шүүх, мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд болон хохирогчдын төлөөлөл оролцсон юм.
Иргэн Д.Болормаа “Хорих ангиудад эрүүдэн шүүх явдал их байна. Үүний талаар өргөдөл, гомдол гаргахад авч хэлэлцдэггүй юм билээ. Үр дүнд нь дарамт мэдэрч, давхар ял эдэлдэг байлаа. Хорих ангиуд ажилтнуудаа хүний эрхийн мэдрэмжтэй болгоосой, хуулийн байгууллагууд эрүүдэн шүүх явдлын эсрэг хамтарч ажиллаасай гэж хүсдэг” гэсэнюм. Харин иргэн Ц.Ганболд “Би 2010 оноос эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн. Шүүх 2012 онд хэргийг хэрэгсэхгүй болгож, манай байгууллагын нэхэмжлэлийн дагуу нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл прокурор шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Уг хэргийг 2019 онд цагаатгасан ч өнөөг хүртэл хохирлыг минь барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд надад учирсан хохирлыг мөнгөөр үнэлэх боломжгүй” гэлээ.
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн “Эрүүдэн шүүх явдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол хүн бүрт хамаатай асуудал. Эрүү шүүлтийн золиос болсон, одоо өртөж буй хүмүүсийг дэмжих, тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа” гэв.
Бэлтгэсэн: Д.Хүслэн