Алтны ханш баасан гарагт хямдарлаа. Улмаар эл таваарын үнэ өмнөх долоо хоногт сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд байгаагүй өндөр дүнгээр доошилсон тухай “Reuters” уламжлав. Ам.долларын ханш чангарсан болон Холбооны нөөцийн сангийн мэдэгдэл үүнд голлон нөлөөлсөн аж. Баасан гарагт унци шар металлын ханш 1930 ам.доллартой тэнцсэн юм. Эргэн сануулахад, өнгөрсөн сарын эхээр унцийнх нь үнэ 2000 “ногоон” даваад байсан бол өдгөө ийн хямдраад байна.
Чикаго дахь “Blue line futures” компанийн ахлах стратегич Филлип Стрейбл “Холбооны нөөцийн сангийн удирдлага бодлогын хүүгээ нэмэх сонирхолтой, ойрын хугацаанд бууруулахгүй бололтой. Энэ нь алтны ханшид нөлөөлж байгаа” хэмээн өгүүлжээ. Зарим эх сурвалжийн хэлснээр тус банк бодлогын хүүгээ энэ жил хоёр удаа нэмэхийг үгүйсгэхгүй гэнэ.