“Экспортын гэрчилгээний нэг цонхны цахим систем”-д МҮХАҮТ нэгдэж, программ хөгжүүлэлтийг бүрэн хийж, ашиглалтад оруулснаа салбарын аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Эл системийг ирэх сарын 1-нээс ашиглалтад нэвтрүүлэх бөгөөд мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилган, зардал хэмнэж, дээрх гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгах боломж бүрдэх аж. Мах экспортлоход 26 нэр, төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 13 бус, дөрөв хоног болох гэнэ.
Одоогоор БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 19 компани бий юм байна. Экспортын эрх авах гэж сүүлийн 4-5 сар хөөцөлдөж буй олон компани байгаа тухай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэв. Тэгвэл экспортыг дэмжих, урд хөрш рүү дээрх бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл хүсэх, бичиг баримтын бүрдүүлэлтэд туслах нэгж байгуулснаа МҮХАҮТ-аас мэдээллээ. Тус нэгж нь махны экспортын зөвшөөрөл хүсэх, шаардагдах баримт бичгийн бүрдүүлэлт зэрэгтэй холбоотой зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх нь. Энэхүү системд цаашид ноолуур, ноос, арьс, шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд экспортлох үйл ажиллагааг нэвтрүүлнэ гэдгийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн захирал О.Нарандэлгэр дурдав.
Бэлтгэсэн: Б.Сонор