Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн баасан гаргийн хурлаар эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Инфляц улсын хэмжээнд өнгөрсөн сард 11.3, Улаанбаатарт 10.8 хувьтай байсан ч аажим саарах төлөв ажиглагджээ. Гэсэн ч ирэх улирлуудад төсвийн зардал, ялангуяа цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхтэй холбоотойгоор инфляцад дарамт учирч магадгүй гэнэ. Мөн цаг агаарын таагүй нөхцөл үүсэж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасан, өрхийн хэрэглээ, дотоод эрэлт буурснаар үйлчилгээний салбарын өсөлт удаашрах магадлалтай аж. Уг нь манай орны гадаад эрэлтийн төлөв сайжирч, экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн ч улс хоорондын геополитикийн асуудал, АНУ болон Европын томоохон эдийн засагтай орнуудын банк санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэж буй гэнэ. Эдгээрийг тооцон бодлогын хүүг хэвээр үлдээснээр инфляцыг зорилтот түвшинтэй ойролцоо тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, төгрөгийн өгөөжийг хадгалах нөлөөтэй хэмээн дээрх банкнаас дурдав.