ОХУ-д 4300 гаруй монгол иргэн сурч, амьдарч байгаагаас Москва хотноо 1100 орчим монгол оюутан 60 гаруй их дээд сургуульд суралцаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ ОХУ-д сурч, ажиллаж байгаа Монгол иргэдтэй уулзалт хийлээ. Монгол судлалыг хөгжүүлэх, гадаадад амьдарч байгаа иргэдийн үндэсний хэлний боловсрол, Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдал, төлбөр тооцооны асуудлууд, гадаад худалдааны тухай хууль, сонгуулийн тухай хууль, гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, ОХУ-д төгсөгчдийн ажлын байрны хангалт, тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрөөр суралцах хэрэгцээ шаардлага зэрэг асуудлаар иргэдийн зүгээс сонирхсон асуудлаар ярилцсан байна.
Уулзалтад Москва хотод суралцаж байгаа 30 гаруй оюутан, сонсогч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНХ-ийн Москва дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн дэх монголын төлөөлөгчид оролцлоо.