БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил сайжирч, экспортын гол нэрийн барааны үнэ өмнөх төсөөллөөс нэмэгдэх боломжтой ч дэлхийн эдийн засгийн төлөв төдийлөн сайжраагүй, тодорхой бус байдал үргэлжлэхээр байна. Тиймээс шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төсөөллийг гаргалаа. Үүнд геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого гол нөлөө үзүүлж байна. Мөн АНУ, Евро бүсийн санхүүгийн системд үүсэж буй тодорхой бус байдал нь глобал өсөлтийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Түүнчлэн, БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өсөлтийн төлөв саарах эрсдэлтэй байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.
Харин Монгол Улсын хувьд экспорт сэргэснээр дотоод эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний улиралд 7.9 хувиар өслөө. Нүүрсний экспорт оны эхний саруудад эрчимжсэн нь уул уурхайн үйлдвэрлэл тэлэх, төлбөрийн тэнцлийн алдагдал буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна. тодруулбал, он гарсаар таван сарын хугацаанд нүүрсний экспорт 23 сая тонн буюу түүхэн дээд түвшинд хүрлээ. Уул уурхайн салбарын дам нөлөөгөөр авто замын тээвэр ч сэргэсэн. Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхийн хэрээр энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг эерэгээр харж болохоор байна.
Инфляцийн хувьд 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарсан. Энэ нь өвөлжилт хүндэрсэнтэй зэрэгцэн махны экспорт эхний саруудад эрчимжиж, нийлүүлэлт буурсан нь инфляцид гол нөлөө үзүүлсэн. Мөн хүнсний үнэ өсөж үйлчилгээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс гадна импортын барааны үнэ буурахгүй байгаа нь инфляц хоёр оронтой тоонд хадгалагдах эрсдэлийг дагуулж байна. Өөрөөр хэлбэл, инфляц өсөх нэг шалтгаан нь нийлүүлэлт болон зардлаас үүдэлтэй. Үүнээс гадна, Төсвийн тодотголоор цалин хөлс, нийгмийн халамжийн зардлууд өсч батлагдсан нь дотоод эрэлтийг идэвхжүүлж, инфляцад ирэх дарамтыг нэмэгдүүлэх эрсдэл байгаа юм. Тиймээс дотоодын болон импортын хүнсний хангамж, нийлүүлэлтийг өсгөх, валютын дотоод урсгалыг сайжруулах, төрөөс хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад анхаарал хандуулах цаг ирээд байна.
Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор сайжирсан. Цаашид экспортын орлогын өсөлт төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх боловч хөрөнгө оруулалт, нефтийн бүтээгдэхүүний импорт өндөр байх юм. Үүнд Засгийн газрын зорьж буй нүүрсний экспортын хэмжээг өсгөх бодлого, нүүрсийг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээ нь эерэг хүлээлтийг үүсгээд байна. Энэ мэт нөхцөл байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.