“Азтай савар” төрийн бус байгууллага амьтанд хайртай залуусыг нэгтгэх, үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор санаачилсан “Be pawsitive” өдөрлөгөө энэ сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд гурав дахь удаагаа зохион байгуулахаар товложээ. Амьтан тэжээдэг, хайрладаг хүн бүхэн уг арга хэмжээнд оролцож болдог. Энэ үеэр нохой, муур үрчлүүлэх, найзтай болгож, хамт тоглуулах, амьтан тэжээх зөвлөгөө, мэдээлэл өгөх, “азтай саврууд”-ын түүхээс хуваалцах зэрэг уламжлалт үйл ажиллагаануудыг явуулахаас гадна Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн явцыг олон нийтэд танилцуулах нь. Түүнчлэн “Гайхалтай ноён үнэг” киноны найруулагч Вес Андерсоны “Нохойн арал” бүтээлийг толилуулах, тэжээвэр амьтадтай зураг авхуулах асар ажиллуулах аж. Мөн үйл ажиллагаагаа танилцуулах, нэрийн бүтээгдэхүүнээ худалдах зорилгоор “Азтай савар” асар нээхээр төлөвлөжээ. Тус байгууллагынхан үүнээс олсон орлогоо бэртэж гэмтсэн амьтдыг эмчлүүлэх, асрах, үржил хязгаарлах мэс ажилбарт хамруулахад зарцуулах гэнэ.