ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” хувьцаат нийгэмлэг (ХН)-ийн гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах, үнэ бууруулах боломжийн талаар ярилцжээ.
Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр энэ сард газрын тос нийлүүлэх хугацаа хойшлоод байсан бол ирэх саруудад үүнийг нөхөхөөр болсон байна. Мөн “Роснефть” ХН-ээс Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ ирэх наймдугаар сард 30 хоногийн хугацаатай төлөвлөгөөт засвар хийх болсонтой холбоотойгоор манай улс руу экспортлох шатахууны хэмжээг бууруулна гэдгээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд мэдэгдээд байсан билээ. Тэгвэл дээрх уулзалтын үеэр төлөвлөгөөт засварын ажлын өмнө буюу зургаа, долдугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирч чаджээ.
Талууд энэ үеэр цаашид давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нийлүүлэлт тасалдсан нөхцөлд ямар арга хэмжээ авахаа ярилцсан байна. Игорь Сечин “Монгол Улс ОХУ-ын хувьд эрчим хүчний стратегийн түнш тул газрын тосны нийлүүлэлтийн найдвартай байдлыг баталгаатай хангах болно” гээд Улаанбаатар хотын “Чингис хаан” шинэ нисэх онгоцны буудлын шатахуун түгээх цогцолборт онгоцны түлш нийлүүлэх боломж бүрдүүлэхэд УИХ чухал хувь нэмэр оруулсанд талархлаа илэрхийлэв. Тус нийгэмлэг 2005 оноос хойш манай улсад нийт 13.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлээд байгаа аж.
УИХ-ын даргын энэ сарын 18-22-нд ОХУ-д хийсэн айлчлал ийнхүү өндөрлөж, тэрбээр өчигдөр орой эх орондоо ирлээ.