Англи хэл болон малчдын даатгалын асуудлаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд болон судлаачид мэдээлэл хийлээ. Тухайлбал, Т.Доржханд хаврын чуулган завсарлахад цөөн долоо хоног үлдлээ. Тиймээс бид хуулийн зарим төслийн талаар мэдээлэл өгье. Монгол дэлхийн жишигт нийцсэн тэтгэврийн болон боловсролын реформ хийж чадаж байна уу, гэвэл үгүй. УИХ судалгаанд үндэслэн хуулийн төсөл боловсруулах ёстой. Тэтгэврийн шинэчлэлд оролцох бүх гишүүдээ бодох ёстой. Залуус, идэр насныхан, ахмадуудаа бодох ёстой. Тэд өөр өөр зүйл хүсэж байна. Нэгдүгээрт, ахмадууд тэтгэвэр бага байна. зөрүү их байна гэдэг. Хоёрдугаарт, залуус хуримтлалтай болмоор байна гэдэг. Гуравдугаарт, идэр насныхан хуримтлалтай ч болмоор байна, ахиухан ч тэтгэвэр авмаар байна гэдгээ хэлсэн. Энэ бүгдийг хуульдаа тусгахын тулд бүх талтай зөвшилцөх ёстой. Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын хууль бүрэн шинэчлэл болж чадахгүй. Тэтгэврийн шинэчлэлээ бид зоригтой хийж чадвал настангууд маань ядаж тэтгэврээрээ цагаан сараа хийдэг болно" гэсэн юм.
Мөн судлаач Ц.Алтансор "Англи хэл заахыг хуульчлах шаардлагагүй, хөтөлбөрт тусгаад явж болно гэж байна. Сургалтын хөтөлбөрт тусгах нэг асуудал. Хуульчилж байж бүх салбарын хөгжил эхэлдэг. Хамтралууд бий болдог, хөгжил явагддаг. Түүнээс ганц боловсролын яам хөтөлбөрт тусгаад ажил хийлээ гээд бүх нийтийн англи хэлний түвшин сайжрахгүй. Тогтолцоогоор нь шинэчлэхэд, урт хугацааны үр дүн гаргахад хууль эрх зүйн орчин бүрдэж байж хэрэгжилт, хөгжил явагдах боломж бий болдог. Одоо үед багш төвтэй бус хүүхэд төвтэйгээр сургалт хөтөлбөр, арга зүй явж буй. Тэр тусмаа Англи хэлийг технологийн шийдэл, сургалтын платформ ашиглах замаар багшийн хомсдол, чадварыг нөхөх боломж бий. Бэлдэж байж эхлэх биш хуульчилж байж хэрэгжилт хийгдэх бус уу. Энэ хуулийн заалт өөрөө англи хэлний багшийг бэлдэх, цалин хөлс хангамжийг нэмэгдүүлэх, нөөцийг бүрдүүлэх гээд дагаад олон боломжийг нээх байсан. Түүнээс хууль эрх зүйн орчин үүсээгүй тохиолдолд багш бэлтгэгдэх боломж хомс байсаар байна" хэмээсэн.