СЗХ-ны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, банкны реформ, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалтын орчин болон нүүрсний цахим арилжааны талаар хэлэлцлээ. Тодруулбал банкны реформын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болсноор үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар, зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийгдэж буй арга хэмжээний талаар санал солилцжээ.
Түүнчлэн дараагийн хуралдаанаар үнэт цаасны арилжаа болон төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээг бууруулахтай холбоотой асуудал, үнэт цаасны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтын талаар хэлэлцэхээр тогтов.
Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, зөвлөлийн гишүүдээр СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, салбарын мэргэжлийн холбоод болон компаниудын удирдлагууд, МУИС, СЭЗИС-ийн төлөөлөл тус тус ажиллаж байна.