Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн II зөвлөлдөх уулзалтыг зургадугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Катарын талаас тус улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Хассан Аль-Хаммади нар хамтран даргалсан байна.
Зөвлөлдөх уулзалтын эхэнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, харилцан айлчлал, арга хэмжээ зохион байгуулахын чухал” гэдгийг тэмдэглэлээ.
Катар Улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Хассан Аль-Хаммади “Хоёр улсын харилцаа жилээс жилд өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Катар талаас Монголын эдийн засагт хөрөнгө оруулах боломж, бололцоо ихээхэн байгаа”-г онцоллоо.
2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндэс бүрдсэнийг тэмдэглэлээ. Мөн бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар тохиролцжээ. Түүнчлэн талууд цаашид харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэж, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, спортын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдийг байгуулах юм.