Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр, “2023 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж Төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох, ангилал зэрэглэлийг тогтоох тогтоолын төслүүд Засгийн газрын хурлаар батлагдлаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх, тэтгэврийн итгэлцүүр шинэчлэн тогтоох, батлах тухай нийтдээ найман тогтоолыг өнөөдрийн Засгийн газрын хурлаар баталлаа.
Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудад эдгээр тогтоол, журмуудыг засгийн газрын хурлаар батлахаар тусгасан байдаг. Журам тогтоолууд батлагдсанаар Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сангийн яам гээд эдгээр газар, байгууллагууд долоодугаар сарын 1-нээс төсөв хэрэгжих боломжийг хангаж байна.
Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө (1-6 сарын нөхөн олголт) олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Үлдсэн 9%-ийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин шинээр төрсөн хүүхдээ харин ehalamj.mn эсвэл харьяа сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлнэ " гэв.