Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлалын бэлтгэл хангах ажлын хүрээнд Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзлаа. Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын өмнө хэд хэдэн асуудлаар ярилцсан байна. Тухайлбал, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар тохиролцжээ. Цаашлаад Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байгаа, Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-3, АН-4 чиглэлийн авто замын дагуу ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.
Мөн хоёр улсын агаарын хаалгыг нэмэгдүүлж, агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол-Хятадын хилийн төмөр замын 1955 оны хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлыг тавьж, энэ чиглэлээр хоёр улсын яам, холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.