Зээлийн өрийн нийт үлдэгдэл он гарсаар таван сарын хугацаанд 24.5 их наяд төгрөгт хүрсэн мэдээллийг ҮСХ-ноос өглөө. Үүнээс анхаарал хандуулах шаардлагатай болон чанаргүй зээл 14.8 хувийг бүрдүүлж байна. Нийт зээлийн үлдэгдлийн 54.9 хувь нь иргэд, 44 хувь нь байгууллагын зээл бүрдүүлжээ.Ингэснээр тавдугаар сарын эцсийн байдлаар анхаарал хандуулах шаардлагатай зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн байна.
Харин нийт зээлийн үлдэгдэл өмнөх сараас 3.4 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсчээ. 2022 оны эцсээр зээлийн нийт үлдэгдэл буурсан бол 2023 он гарсаар тогтворжиж, сард дунджаар 2-3 хувиар өсөж байна.
Чанаргүй зээлийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаагаас 1.7 их наяд төгрөг нь хувийн салбарт, 513.6 тэрбум төгрөг нь иргэдэд олгосон чанаргүй зээл байсан байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 54.9 хувь нь иргэд, 44 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь Төрийн байгууллагад олгосон зээл олгожээ.