БНСУ-ын Сувон хотын Цагаачлалын алба хоёр настай монгол хүүг насанд хүрэгчдийн хамт саатуулах байранд 19 хоног хорьж, албадан нутаг буцаасан нь хүүхдийн эрх зөрчсөн үйлдэл болсон талаар тус орны хэвлэлүүд мэдээлээд байна. Саатуулах байранд томчуудтай амьдарч байсан хүүгийн дүрс бичлэгийг телевизүүд ил болгосон нь олон нийтийн сүлжээнд дуулиан болоод буй юм. Гадаадын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, тус улсад хууль бусаар оршин сууж байгаад хоригдсон иргэн А “Хүүгээ итгэмжлэгдсэн боловсролын байгууллагад илгээхийг хүссэн ч цагаачлалын албаныхан хүлээж аваагүй, татгалзсан” хэмээн ярьсан бол БНСУ-ын Хуульзүйн яамнаас “Иргэн А-гийн танил нь хүүхдийг харахаас татгалзсан тул хамт саатуулахаас аргагүйд хүрсэн” гэдэг тайлбар өгсөн гэх. Энэхүү хэргийг анх олны анхааралд оруулсан, Солонгос дахь “Гадаад иргэдийн эрхийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Н.Аззаяагаас үүссэн нөхцөл байдлыг тодруулахад “Хоёр настай хүүгийн аав нь хоригдож байхдаа найзаараа дамжуулж манай байгууллагад хандсан. Үүний дагуу тухайн иргэнтэй утсаар холбогдож, мэдээлэл авсан. Өргөдөл, хүсэлтийг нь албан бичгээр авсныхаа дараа БНСУ-ын Хүний эрхийн хороонд хандсан юм. Хүүхэд хоолоо идэхгүй, биеийнх нь байдал тааруу байгаа гэсэн учир өрөөний дүрс бичлэгийг шалгуулах хүсэлт тавьсан байдаг.
Цагаачлалын албаныхан үүнээс хоёр хоногийн дараа хүүг эмнэлэгт үзүүлнэ гэж тэднийг хуурч авч яваад, албадан нутаг буцаасан. Энэ нь тус улсын Цагаачлалын хуулийн 63.1 дэх “Албадан гаргах бичиг авсан гадаад иргэнийг ч албан хүчээр гаргах ёсгүй” гэх заалтыг зөрчсөн үйлдэл. Ямар ч тохиолдолд хүнийг хүчээр хөөж гаргах ёсгүй. БНСУ дахь Монголын ЭСЯ өнөөдрийг хүртэл эл асуудлаар ямар нэг тайлбар хийгээгүй, арга хэмжээ аваагүй. ГХЯ-ны хилийн чанад дахь иргэдийн асуудал хариуцсан албан тушаалтан “Ээж нь хүүхдээ авахаас татгалзсан учраас тэднийг хамт хорьсон” гэдгээс өөр зүйл яриагүй.
Хоёр настай хүүхдийг 20 орчим хоног хорьсон хуульбус үйлдэлд хариуцлага тооцуулахаар Солонгосын шүүхэд хандаад байна. Олон улсын хүүхдийн байгууллага, БНСУ-ын Хүний эрхийн хороо “Бага насны хүүхдийг хорьж болохгүй. Зайлшгүй тохиолдолд гэр бүлийн тусгай өрөөнд, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж байлгах ёстой” гэдэг асуудлыг сүүлийн 13 жил ярьж байгаа. Солонгосын Хуульзүйн яам үүнийг хэрэгжүүлдэггүй” гэсэн юм.
Аюулгүй байдлын шаардлага хангаагүй, зориулалтын бус газарт бага насны хүүхдийг томчуудтай хамт олон хоног хорьсон эл асуудалд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байгааг ГХЯ-ныхнаас тодруулахад “Энэ явдал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Дүрс бичлэг нь л одоо тархаад буй юм. Үүнийг хүмүүс шинэ хэрэг гэж ойлгоод байх шиг. Манай яамныхан тухайн үед зохих шатны бүх арга хэмжээг авсан” гэв. Чухам ямар арга хэмжээ авсныг нь лавшруулахад “Аав нь угаасаа хууль бусаар оршин сууж байсан юм билээ. Хүүхдийг нь асран хамгаалах хүн байхгүй, ээж нь авахгүй гэж татгалзсан гэсэн” хэмээв. Харин ХЭҮК-ынхон олон нийтийн сүлжээнд тархсан дүрс бичлэгийн дагуу ГХЯ, Консулын газар, БНСУ дахь Монголын ЭСЯ зэрэг холбогдох байгууллагынхнаас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар хандсан, бодит нөхцөл байдлын тухай мэдсэнийхээ дараа албан ёсоор байр сууриа илэрхийлнэ гэсэн юм.
Ташрамд дурдахад, хүүгийн аав, ээж “Ковид-19”-ийн ид тархалтын үед тус улсад гурван сарын хугацаатай аяллын визээр очсон гэх бөгөөд хориг хязгаарлалтын улмаас нутаг буцаж чадалгүй байсаар түүнийг төрүүлсэн байна. Энэ хугацаанд ээж нь тэднийг орхин явсан бөгөөд аав нь хүүгээ эмчлүүлэх (эрүүл мэндийн шалтгаантай), ахуй амьжиргаагаа залгуулах зорилгоор хууль бусаар ажил эрхэлдэг байж. Иргэн А өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож яваад цагдаад баригдаж, тэндээсээ цагаачлалын албанд хүргэгдэн, 20 хүртэл хоригджээ. БНСУ дахь дээрх байгууллага уг асуудлаар холбогдох газруудад хандсаны үр дүнд дүрс бичлэг ил болж, хэвлэлүүд асуудал хөндөж эхэлсэн нь энэ аж.