Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц энэ оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляц өнгөрсөн оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрч, аажмаар буурч буйг онцолжээ. Гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт багассан болон дэлхийн зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж үзэж буй аж.
Инфляц буурч байгаа ч Төвбанкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж буй бөгөөд нийт инфляцын 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байгааг дурджээ. Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд энэ оны улсын төсвийг тодотгох санал гаргаж, төслөө УИХ-д өргөн барьсан. Улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд инфляц нэмэгдэх эрсдэл бий тул инфляцыг хязгаарлах болон эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр үндсэн тэнцлийг сар бүр алдагдалгүй гаргахаар төлөвлөжээ. Мөн хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, бусад бүтээгдэхүүнийг арилжих талаар танилцуулсан байна. Түүнчлэн мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн төлөвлөжээ. Сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулгатай холбогдуулан Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж, ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхийг даалгав.
Мөн Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгожээ. Үүнээс гадна Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд, Монгол Улсын 2022 төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентад өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Түүнчлэн “Монголын эдийн засгийн чуулган- 2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад даалгасан байна. Тус форумд БНСУ-ын бизнес эрхлэгчдийн томоохон бүрэлдэхүүн, “Рио тинто”-гийн ТУЗ-ийн дарга тэргүүтэй баг оролцохоо мэдэгдээд буй аж.