Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Товч мэдээ
- “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.
- Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2022 төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
- Воршиловын Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд томилолоо. Тэрбээр 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байв.