Монгол Улсын 21 аймагт 15-69 насны 1947 хүнийг хамруулсан санхүүгийн боловсролын чадамжийн түвшин тогтоох уг судалгаа хийжээ. Монгол банкны захилгаар хийж гүйцэтгэсэн уг судалгааны дүнгээр иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролын чадамжийн түвшин 49.5 хувь, санхүүгийн мэдлэгийн түвшин 52.1 хувьтай гарчээ. Иргэдийн санхүүгийн мэдлэг эдийн засгийн мэдлэгээс илүү сайн үр дүнтэй гарсан хэдий ч инфляци, ДНБ гэх мэт зарим төрлийн сэдвүүдийн талаарх мэдлэг хэт ерөнхий байгааг судалгаа харуулжээ. Тодруулбал, орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байгаатай холбоотойгоор иргэдийн 67.5 хувьд ямар нэгэн байдлаар хоол хүнс болон бусад хэрэгцээгээ хангахад нь асуудал тулгардаг байна. Тиймээс асуудлаа шийдэхийн тулд хэн нэгнээс мөнгө зээлэхэд хүрдэг гэнэ. Судалгаанд оролцогчдын 51.5 хувь нь ойр дотны хүмүүс болон олон нийтийн сүлжээнээс санхүүгийн мэдээлэл авдаг бол 27.3 хувь нь энэ талаар огт мэдээлэл авч чаддаггүй байна. Үүнээс харахад иргэд, олон нийтийн санхүүгийн шийдвэр гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл нь ойр дотны хүмүүс болон олон нийтийн сүлжээнээс авсан мэдээлэл, зөвлөгөө аж.