Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй төлөөллийг хангахыг шаардсан эмэгтэйчүүд өчигдөр Төрийн ордны гадаа цугларч, хууль тогтоогчдын заримд нь захидал атгуулав. Мөн оролцоо, төлөөллөө өсгөхийг хүсэж байгаа тэдэнтэй зорилго нэгтэй зарим нь Төрийн ордонд жендерийн эрх тэгш байдлыг хангасан улс орон тогтвортой хөгжиж чадна хэмээн шийдвэр гаргагчдыг “ухуулж” суулаа. Тэд эмэгтэйчүүдийн манлайлал, хөдөлмөрийн зах зээл болон боловсролын салбар дахь жендерийн эрх тэгш байдал, жендерт суурилсан хүчирхийлэл, хүний эрхийн талаар Монголд төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар ярилцсан юм.
“Жендерийн” гэх тодотголтой, эмэгтэйчүүд голдуу оролцдог хурал, зөвлөгөөн ойрд цөөнгүй болж буй бөгөөд тэдгээрийн нэг нь өчигдөр эхэлсэн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт юм. Парламент УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, тэр дундаа нэр дэвшигчдэд тавих хүйсийн квотыг хэдэн хувиар тогтоох вэ гэдэг нь анхаарал татаж буй үед энэ мэт хэлэлцүүлэг оролцогч болох бодлого боловсруулагч, судлаач, мэргэжилтнүүдэд төдийгүй олон нийтэд хүрч, ойлголт, мэдлэг, хандлагыг нь өөрчлөхөд нөлөөлөөсэй хэмээн найдна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хүрэх үйл явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгоор АНУ-ын Стэнфордын их сургууль болон “Бан Ги Мүн” сангаас жил бүр Азийн бүс нутагт “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа тэд манай хууль тогтоох байгууллага, БНСУ-ын “Эва” эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран Улаанбаатарт хийж байгаа нь энэ. Зохион байгуулагч байгууллагын удирдлага буюу “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон “Эва” их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, түрэг улс орнуудын парламентын ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын 50 гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн иржээ.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмжтэй холбоотой олон зорилтыг хэрэгжүүлэхэд манай дэлхийн хүн амын тэн хагасын оролцоо буюу жендерийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр үр дүнд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн эргэлтэд учирч буй хүндрэл, бэрхшээлийг эрчүүд дангаараа шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал болж буй шинэ цаг үе эхэлж байна” гэв.
АМАР БӨГӨӨД ХУРДАН ИРЭХГҮЙ ӨӨРЧЛӨЛТ
Түүний дараа БНСУ-ын Үндэсний ассамблей (парламент)-н дэд дарга Ким Ён Жү “Эмэгтэйчүүдийг чадавхжуулахгүйгээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх боломжгүй. Гэвч Азийн зарим оронд эмэгтэйчүүдийг улс төр, эдийн засаг зэрэг нийгмийн олон салбарт ялгаварлан гадуурхсаар байна. БНСУ-ын жендерийн тэгш байдлын төлөөх тэмцлийн түүхийн гэрч нь би” гээд тус улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө хэрхэн тэмцэж, амжилтад хүрсэн түүхийг хуваалцсан юм. БНСУ-ын эмэгтэйчүүд 1948 онд сонгогдох эрхтэй болсон ч 200 гишүүнтэй парламентад нь ганц л бүсгүй сонгогдсон үе ч бий аж. Ингээд 2000 онд Үндэсний ассамблей нь 16 эмэгтэй гишүүнтэй болсон байна. Түүнийг 2004 онд парламентад анх сонгогдоход хууль тогтоох байгууллага нь нийт 39 эмэгтэйтэй болж, өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн аж. Ер нь 2000 оноос хойш парламент дахь эмэгтэйчүүд өссөн нь сонгуулийн пропорциональ тогтолцоог хэрэглэж, тэднийг улс төрд оролцохыг дэмжсэн хөшүүрэгтэй болсных гэдгийг тэрбээр онцолсон. Гэхдээ энэ нь холбогдох хууль тогтоомжийг өөрчилмөгц, нэг сонгуулийн дараа үр дүн нь харагдах зүйл биш гэдгийг ч тодотгов. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх санаачилга гаргаж, шаардлага тавин, тасралтгүй ажилласны дүнд 20 гаруй жилийн дараа энэ мэт эерэг үр дүн бий болж байна. Эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдээд зогсохгүй Үндэсний ассамблейн байнгын хороодыг удирдаж, Засгийн газарт сайдаар ажиллах бүсгүйчүүд ч олон болсон гэнэ. Тэрбээр 2017 онд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн тэргүүн сайдаар томилогдож байжээ. Тухайн үед Засгийн газрын гишүүдийн 30 хувь нь эмэгтэй байсан аж. Өдгөө тус улсын парламентын 300 гишүүний 57 нь эмэгтэй бол орон нутгийн түвшинд төлөөллийн байгууллагын бүрэлдэхүүний 20 хувийг энэ хүйсийнхэн эзэлж буй юм байна.
БАН ГИ МҮН: ЦОГЦ БӨГӨӨД ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЧУХАЛ
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн “НҮБ-ыг удирдаж эхлээд л жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэлхийн тэргүүлэх зорилт болгохоо амласан. Өөрчлөлт эх орноосоо эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын байгууллагуудад олон арван нэр хүндтэй эмэгтэйг удирдах албан тушаалд томилоход түлхэц болсон. Нийгэмдээ өөрчлөлт хийх тэсвэр хатуужил, шийдэмгий байдлаа харуулдаг бүсгүйчүүдийн няцашгүй сэтгэлээс би хүч авч ирлээ. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх хамгийн сүүлийн тайланд дурдсанчлан дэлхий нийт 2030 он гэхэд жендерийн тэгш байдлыг хангахад хэд хэдэн саад бэрхшээл тулгарч буй. Тухайлбал, “Ковид-19” цар тахлын нийгэм, эдийн засгийн үр дагавар нь эмэгтэйчүүд, охидод онцгой сөрөг нөлөө үзүүлж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс гадна тэд улс төр, эдийн засгийн салбарын удирдах албан тушаал хаших боломж хомс хэвээр байна” хэмээгээд эдгээрийг өөрчлөх цогц бөгөөд олон талт арга хэмжээ авахыг бодлого боловсруулагч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдад уриалав.
Мөн Олон улсын парламентын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг чуулга уулзалтад оролцогчдод хандан видео мэндчилгээ ирүүлэхдээ жендерийн тэгш байдлыг хангахын тулд юуны түрүүнд парламентууд шийдвэр гаргах хэрэгтэйг онцлов. Дэлхийн 90 гаруй улс эмэгтэйчүүдийн квотыг хуульчлан тогтоосныг тэрбээр дурдаад, жендерийн тэгш байдлыг хуулиар хангуулан ажиллаж буй улс орны тоо улам бүр нэмэгдэж байгааг сануулсан юм. Үүнээс гадна “Эерэг өөрчлөлтөд хүрэх замыг баттайгаар тавихын тулд парламентууд үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд жендерийн тэгш байдлыг зорилго болгон тавих нь чухал” гэлээ.
“ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БОЛ ХҮНИЙ ЭДЛЭХ ЁСТОЙ ЭРХ”
Чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлгийн эхний сэдэв нь “Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал” байлаа. Үндсэн илтгэлийг нь тавьсан УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Жендерийн тэгш байдал хангагдахгүй, эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо доогуур байх нь эдийн засгийн утгаараа алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, ашиглах ёстой нөөцөө дутуу ашиглах нь алдагдлыг нэмэгдүүлдэг. Улмаар гацаанд орсон олон асуудал шийдлээ олохгүй үлдэх, эсвэл хэт өндөр зардлаар шийдэхэд хүргэдэг үр дагавартай. Манай улсад жендерийн тэгш байдлыг хангаж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг тусгасан 10 гаруй хууль, бодлогын таван баримт бичиг бий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа” хэмээсэн бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Илейн Конкиевич өнгөрсөн дөрөвдүгээр сард “Сант марал” төвөөс танилцуулсан судалгааны дүнг онцолсон юм.
Тус судалгаанд оролцогчдын 82.9 хувь нь эмэгтэйчүүд улс төрөөс хол, гэртээ хүүхдээ харах ёстой гэсэн үзлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Эмэгтэйчүүдийн дуу хоолой байх ёстой, тэд улс төрийн талбарт хүч үзэх хэрэгтэй гэж дийлэнх олонх нь үзэж буй энэ үед Монгол Улс хууль, эрх зүйн хувьд бодитой өөрчлөлт хийх шаардлагатайг тэрбээр сануулсан юм. Мөн “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд эзлэх аль нэг хүйсийн төлөөллийг ядаж 30 хувьд хүргэх нь маш чухал” гээд 40 хувь байхаар тогтоовол парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг 23-25 хувьд хүргэх боломжтой гэж тооцсоныг дуулгав. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулаад орхих нь хангалтгүйг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, хүйсээр ялгаварлах нийгмийн хэм хэмжээ гүнзгий байгаа энэ үед олон ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай аж. Эцэст нь тэрбээр “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хугацааны тэн хагаст ирээд буй ч жендерийн тэгш байдлыг хангах зорилтын үр дүн хол хэвээр байна. Энэ зорилтод хүрэлгүйгээр бусдынх нь хэрэгжилт суларна” хэмээн тэгш оролцоо, тэнцвэртэй байдлын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалав.
Тус сэдвийн хүрээнд илтгэл тавьсан таван хүний дунд нэг эрэгтэй байсан нь Б.Болорсайхан. Хүний эрхийн үндэсний хорооны ажлын албаны дарга, хүний эрх, жендер судлаач тэрбээр УИХ-д нэр дэвшигчдэд тавих хүйсийн квотыг 40-өөс доошгүй хувиар батлах нь зүйтэй гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлээд, “Жендерийн эрх тэгш байдал бол хүний эдлэх ёстой эрх” болохыг бүгд ойлгож, хандлагаа өөрчлөхийг хүслээ.
АЛТАЙ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦАВ
Энэ удаагийн чуулга уулзалтаар дээрх сэдвээс гадна Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар ярилцсан. УИХ-ын дарга “Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгыг анх удаа баталгаажуулан хэрэгжүүлж ирсэн орон төдийгүй Үндсэн хуульдаа “Хөгжлийн бодлого тогтвортой байна” гэж НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгыг тусгасан цорын ганц улс” хэмээн тэмдэглээд, “Төв Азийн зүрхэнд оршдог улсууд хэл, соёл, язгуур нэгтэй гэж үздэг. Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вук Шиний дэвшүүлсэн тархины эргэлтийн тухай гайхалтай онол бий. Түүний онолын дагуу Ази дамнасан улс орнууд соёлын ижилсэл, түүхийн улбаа, хэлхээ холбоонд үндэслэн “тархины эргэлт” -ийн холбоосоо сэргээх нь өнөөгийн түүхэн цаг үед ихээхэн ач холбогдолтой. Манай Засгийн газраас энэ жилийг “Монголд зочлох жил” хэмээн зарласан. Алтай хэлний язгууртай улс орнуудын олон арван сая хүн манай оронд зочлох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Далд хэлхээ холбоо буюу бие биеэ эрэлхийлдэг сэтгэл зүрх бидэнд мөнхөд бий гэдэгт итгэдэг. Ийм далд хэлхээ холбооны эрэл хайгуулаа шинжлэх ухааны түвшинд үргэлжлүүлэх нь эл чуулга уулзалтын нэгэн онцлог” гэв.