Энэ хүн саяхан зуун нас хүрч, зургаадай таяг тулав. Түүнийг нэг хэсэг нь дипломат бодлого, үйл ажиллагааны гайхамшиг гэж үзэж байхад олон хүний амийг золиослосон шийдвэр гаргаж байсан хэмээн зэмлэн, буруутгах хүн цөөнгүй. Шүтэн бишрэгчид улс төрийн бодлого зорилгын хувьд хүрснээ тодорхойлох чадвараар өөр хэнтэй ч эгнэшгүй гэж үнэлдэг. Гэтэл түүнийг цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэх хүн цөөнгүй. Ихэнх ажиглагчдын хувьд үлдээсэн улс төрийн өв нь энэ хоёр тодорхойлолтын хооронд л эргэлдэх аж.
Хенри Киссинжер эхлээд гадаад бодлогын зөвлөх байснаа Ерөнхийлөгч Ричард Никсон, Жеральд Форд нарын үед Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байдаг. Вьетнамын дайныг дуусгах, ЗХУ-тай харилцаагаа зөөлрүүлэх, АНУ, Хятадын хооронд харилцаа тогтооход түүнийг нөлөөлсөн гэж үздэг юм. Албан ажил эрхлэхээ болиод зөвлөгөө өгдөг “Kissinger аssociates” фирм байгуулж дэлхийн удирдагчдад өөрийн үгийг хэлэх болжээ.
Украин руу Орос дайрсантай холбогдуулан Киссинжер яриа хэлэлцээний дүнд л дайныг дуусгаж, энхийг тогтоох боломжтой хэмээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлж олон улсын анхаарлыг өөртөө татсан юм. Өрнөдийн холбоотнууд Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж байх үетэй түүний энэ уриалга нэгэн цаг үед тохиосон юм. Харин дэлхийг хамарсан шинэ сүйтгэлт дайнаас зайлсхийхэд яриа хэлэлцээ чухал болохыг илэрхийлсэн энэ үгийг нь “түрэмгийлэгчдийг өөгшүүлж байна” хэмээн украинчууд үзэж түүнийг буруутгаж байлаа. Киссинжертэй олон жил хамт ажиллаж байсан Америкийн эрдэмтэн, Хятадын талаар мэргэшсэн Кеннет Либерталь “нэгээс нөгөөд хүрэхэд юу хэрэгтэй байдаг талаар яг таг ойлголт 100 жилийн хугацаанд түүнд төлөвшсөн” гэж хэлсэн нь бий. Киссинжер бол бодитой улс төрийн талын тууштай зүтгэлтэн бөгөөд аливаа зөрчил тэмцэлд өөрийн хандлагыг “зорилго нь арга хэрэгслээ зөвтгөдөг” хэмээн ил шулуун хэлсэн байдаг.
Өнгөрсөн зууны 70-аад онд Америкийн намжмал байдлын залуурт сууж байсан түүнийг Москватай дайтахын босгон дээр байсан гэж хэлж болно. Намжмал байдлыг тэрбээр “ЗХУ-тай зөрчилдөх стратеги” дипломат харилцааг эвд оруулж, зөрчлийн хурц үе шатанд хүрэхээс зайлсхийх боломжийг хоёр талд олгож байсан гэж хожим нь бичиж байв. Киссенжер өөрийн бодлогыг ховорхон өөрчилдгөөрөө олонд танил болсон хүн. Гэхдээ “өнөөгийн нөхцөлд Украин төвийг сахих нь утга учиргүй” гэсэн дүгнэлт хийснийхээ дараа тус улсыг НАТО-д элсүүлэхийг дэмжих болсон байна. 1970-аад оны Азийн орнуудын талаар явуулж байсан бодлогоос нь үүдээд Хенри Киссинжерийг АНУ-ын орчин үеийн түүхэн дэх хамгийн ихсүйтгэгч Төрийн нарийн бичгийн дарга гэж сенатын гишүүн, Америкийн зүүний хүчний удирдагч Берни Сандрес нэрлээд “Киссинжер миний анд нөхөр биш гэж бахархалтайгаар хэлж болох юм” гэж мэдэгдсэн юм.
Шийдвэр хэрхэн гаргадаг тухайгаа Киссинжер нэг бус удаа бичиж байв. Тухайлбал, Камбожийг бөмбөгдсөнөө эхлээд Америкийн олон нийтээс нууцалжээ. АНУ эхлээд Вьетнамын босогчдыг ялахыг хичээсэн ч эцэст нь тэдний бодлого хоёр сая гаруй хүний амь хохироосон “Улаан кхмерүүд”-ийг засгийн эрхэнд гаргачихав. Гал зогсоох хэлэлцээр байгуулж Вьетнамын дайныг зогсоохыг Киссинжер хичээж байлаа. Энэ төлөвлөгөөнийхөө ачаар тэрбээр Умард Вьетнам дахь түнш Ле Дык Тхогийн хамт 1973 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэнюм. Вьетнамын дипломатч уг шагналыг хүлээж авахаас татгалзаж, Киссинжер татгалзаагүй ч яриа хэлэлцээ хийх замаар энх амгалан байдал тогтоох оролдлого нь Сайгон унасны дараа бүтээгүй тул шагналаа эргүүлж өгөхийг хүссэн байдаг. Тухайн үед Америкийн энэ улстөрчийн гаргасан шийдвэр Вьетнам, Камбож, Лаосын олон мянган хүний аминд хүрсэн юм. Ардчилсан замаар сонгогдсон Чилийн Ерөнхийлөгч Сальвадор Альендег 1973 онд унагах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Киссинжер л Ерөнхийлөгч Никсоныг шийдвэр гаргахад хүргэснийг 40 жилийн дараа олноо ил болгосон 1970-аад оны Үндэсний архивын баримтууд нотолсон аж. Ингэснээр засаглаж байх үедээ мянга мянган хүний аминд хүрсэн дарангуйлагч Аугусто Пиночетийг засгийн эрхэнд гаргахад Киссинжер өөрийн хувь нэмрийг оруулсан байна.
Ардчилсан үйл явцад Киссинжер оролцож байсныг Либерталь тайлбарлахдаа “Түүний хувьд хүчний тэнцвэр ямагт чухал байсан” гэж хэлсэн байдаг. Нэг улсын давамгай байдал бусад улсыг ийм байдалд хүргэх оролдлогыг өдөөдөг гэдэгт Киссинжер эргэлзэж байгаагүй бөгөөд чухам энэ үзлийнхээ үүднээс Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үзэх Хятадын бодлогыг хүлээн зөвшөөрөхөд Киссинжер 1972 онд зуучийн үүрэг гүйцэтгэжээ.
Украиныг НАТО-д элсүүлэх талаар ярилцаж эхэлсэн нь дайн хийхэд хүргэсэн нэг шалтгаан гэж Киссинжер үздэгээ өнгөрсөн сарын 25-нд долоо хоног тутмын Die Zeit сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна лээ. “Бүх бурууг Путинд тохож болохгүй гэж би боддог. Украин хийгээд Өрнөд эсэргүүцэн тэмцэж буйг дэмждэг. Гэхдээ Украиныг НАТО-д элсүүлэх төлөвлөгөөнд эргэлзэж буйгаа би 2014 онд илэрхийлж байсан. Чухам эндээс дайнд хүргэсэн үйл явц эхэлсэн. Дайныг зөвтгөх шалтгаан энэ болохгүй ч Дорнод эвслийн орнуудыг НАТО-д элсүүлэх гэж хичээх нь ухаалаг алхам биш гэж би одоо ч үздэг” хэмээнтэрбээр хэлсэн байна. Украиныг дайн дуусахаар Умард Атлантын эвсэлд элсүүлэх нь зүйтэй гэдэгт Төрийн нарийн бичгийн дарга асан итгэлтэй байдаг юм. Одоо НАТО, Орос хоёрын хооронд төвийг сахисан бүс байхгүй болсон ийм үед Украиныг НАТО-д элсүүлснээр дайн дууссаны дараа юм уу, энхийн хэлэлцээрийн эцэст Оросын хийгээд Украины талаас дангаар довтлох явдал гарахгүй байх баталгаа болно гэж Киссинжер үзэж буй юм.
Хенри Киссинжер 1923 оны тавдугаар сарын 27-нд Германы Фюрт хотод еврей айлд төржээ. Нацистуудын мөрдлөг хавчлагаас зугтан энэ гэр бүл 1938 онд Америкт цагаачилж, Нью-Йоркт суурьшив. Киссинжер сургуульд сурахын зэрэгцээ үйлдвэрт ажилладаг байв. Дунд сургуулиа төгсөөд коллежид сурч байхдаа 1943 онд цэрэгт татагдаж, улмаар Америкийн иргэн болжээ. Энэ үедээ тулаанд орж, тагнуулын эрсдэлтэй даалгавар ч гүйцэтгэж байв. 1950 онд Харвардын коллежийг урлагийн бакалавр зэрэгтэй төгсөж, Рузвельт болон АНУ-ын хэд хэдэн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан түүхч, Зөвлөлтийн эсрэг үзэлтэйгээрээ нэрд гарсан профессор Уильям Эллиотын шавь болов.
1950 онд Харвардын их сургуулийн оюутан байхдаа хүйтэн дайны нөхцөлд коммунизмын эсрэг тэмцэлд дэлхийн залуу удирдагчдыг нэгтгэх зорилготой олон улсын семинарыг Эллиотын дэмжлэгээр зохион байгуулсан нь ТТГ-ын анхаарлыг татсанбайна. 1953 онд Ерөнхийлөгч Эйзенхау эрийн байгуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа зохицуулах хорооны зөвлөхөөр 1955 онд томилогджээ. 1956-1958 онд ах, дүү Рокфеллерийн санд төслийн захирлаар ажиллав. Эрдэм судлалынхаа ажлын хажуугаар Засгийн газрын хэд хэдэн агентлагийн зөвлөхөөр ажиллаж, 1960-аад онд Киссинжер дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стратегийн нөлөө бүхий шинжээч гэгдэх болжээ. 1968 оны эхнээс шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ричард Нисконы хүсэлтээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Төрийн нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилласан нь нэг хүн хоёр алба зэрэг хашсан анхны тохиолдол болов. Ерөнхийлөгч Жеральд Фордын үед ч Төрийн нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажилласан юм.
Үйл ажиллагааныхаа бүхий л үеийн туршид ЗХУ, БНХАУ, Япон, Израил, Египет, Умард Вьетнам болон бусад улстай АНУ-ын хийсэн яриа хэлэлцээрийн гол хүний нэг нь Киссинжер байв. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайг 1971 онд АНУ-тай хэлэлцээр байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснээр Америк, Хятадыг Киссинжер ойртуулсан гэж үзэх болжээ. ЗХУ-ын Коммунистнамын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневтэй Стратегийн зэвсгийг хязгаарлах гэрээнд 1972 онд гарын үсэг зурсан нь Никсоны үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байхдаа социалист, капиталист лагерийн сөргөлдөөнийг намжмал болгоход Киссинжерийн оруулсан гавьяаны нэг мөн юм. Нууцаар яриа хэлэлцээ хийх тусгай сувгийг АНУ-д суугаа Зөвлөлтийн Элчин сайд Анатолий Добрынинктой бий болгосноор Вьетнам, Ойрхи Дорнод, Кубийн асуудлаарх Вашингтон, Москвагийн санал зөрөлдөөнийг намжааж чадсан байдаг.
Киссинжер 2001 оны эцсээр богинохон хугацаанд 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг мөрдөн шалгах комиссыг толгойлов. 2007 оны есдүгээр сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хамт армянчуудыг хоморголон хядах тухай 106 дугаар тогтоолыг хэрэглэхгүй байхыг АНУ-ын Конгресст уриалсан захидалд гарын үсэг зуржээ. Украин, Оросын хоорондын зөрчлийг энхийн аргаар зохицуулах хувилбарыг 2022 оны арванхоёрдугаарсард Киссинжер санаачилж байлаа.
Герман гаралтай гэдгийг нь хэл яриа нь одоо ч илэрхийлж байдаг домог болсон Америкийн энэ дипломатчийн тууштай баримталж ирсэн стратегийн ач холбогдол, нөлөөг 100 насны ойн нь тохиосонөдрүүдэд дэлхийн улстөрч, эрдэмтэн, шинжээчид эргэн харж, дүгнэж цэгнэж буй нь эргэлзээгүй.