“Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”- нээс БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтран өчигдөр “Эмэгтэйчүүдийн манлайллын олон улсын форум: Дэвших зам” арга хэмжээ зохион байгуулав. Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш төлөөллийг хангахын тулд эмэгтэйчүүдийг хэрхэн хурцалж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, бодлогын нөлөөлөл үзүүлэх кампанит ажлууд зохион байгуулахтай холбоотойгоор оролцогчид санал бодлоо солилцлоо. Арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяа болон улс төрийн бусад нам, иргэний нийгмийн байгууллага, 21 аймгийнтөлөөлөл 120 бүсгүй оролцов. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд учирдаг олон саад бэрхшээлийг нам үл харгалзан эв нэгдэлтэй ажиллах замаар давах хэрэгтэйг тэд онцолж байлаа.
Мөн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгаж, бүсгүйчүүд бүх салбарт амжилттай ажиллаж чаддаг гэдгийг сурталчлах, хийж чадах бодит ажлаа олон нийтэд тодорхой танилцуулах зэргээр хамтрах нь зөв гэв. Парламентын сонгуульд нэр дэвшээд сонгогдохгүй байсан ч хувь улстөрч өөрөө олон зүйлд суралцдаг, эмэгтэйчүүд яагаад манлайлах ёстой талаар ойлголт өгч, зам гаргаж байдаг тул шантрахгүй байхыг бие биедээ зөвлөсөн. Мөс зүсэж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхийн төлөө дуугарч буй бусад эмэгтэйдээ хүч нэмэх, нийгмээс ирж буй эсэргүүцлийг даван туулах сэтгэлийн хаттай байх талаар ч тэд ярилцаж байлаа. Энэ талаар БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн асан Хунг Ми-Ён бодит туршлагаасаа хуваалцаж, бүсгүйчүүдийг улс төрд зоригтой алхам хийхийг сануулсан юм.