Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO) манай улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” санаачилгыг онцолж, олон улсад танилцуулжээ. Эл нийтлэлд “Хятад, Орос хэмээх хоёр их гүрний дунд оршдог, 3.4-хөн сая хүн амтай энэ улс аялал жуулчлалын салбараар дэлхийд шинэ цонх нээж, хил хязгаараа тэлэхийг зорьж байна. Тус орны байгалийн үзэсгэлэнт газрууд адал явдал, шинийг эрэлхийлэгч аялагчдын анхаарлыг татсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг зочлох жил болгон зарласнаар энэ онд жуулчдад зориулсан 90 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойрын жилүүдэд нэг саяас доошгүй жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан” хэмээн онцолсон байв.
Түүнчлэн аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор гол хуулиа шинэчлэн баталсан бөгөөд үүний үр дүнд гадаадын иргэдэд худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийх нь НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, цахим визэд хамруулах улсын тоог хоёр дахин нэмж, түргэн шуурхай олгох нөхцөл бүрдсэн гэж дурдсан байна. Цар тахлын өмнөх үед буюу 2019 онд манай улсад түүхэндээ хамгийн олон жуулчин ирсэн. Тодруулбал, тухайн онд 577 мянган жуулчин хүлээн авч 650 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн юм. Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар үүний 38 хувьтай тэнцэх тооны буюу 216 мянга гаруй аялагч хүлээн авчээ. Манай орны хувьд жуулчлалын оргил үе зуны саруудад тохиодог учир энэ жил цар тахлын өмнөх үеийнхээс давсан тооны аялагч хүлээж авах боломжтой гэж салбарын судлаач, мэргэжилтнүүд тооцоолж буй.