Арилжааны банкуудын энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн голлох үзүүлэлтийг Монголын банкны холбооноос (МБХ) өчигдөр танилцууллаа. Тайлант хугацаанд иргэдийн хэрэглээний зээлийн эрэлт өндөр хэвээр байж, цалин тэтгэврийн зээлд 1.6, хадгаламж барьцаалсанд нь 1.3 их наяд, автомашин худалдан авахад 16 тэрбум төгрөг олгосон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 15 хувиар өссөн дүн болжээ. Гадаад орчны тогтворгүй байдал, инфляцаас шалтгаалан иргэдийн төгрөгийн хадгаламж буурсан бол валютынх нэмэгдсэн байна. Тухайлбал, валютын харилцах дансны үлдэгдэл 5.1 их наяд төгрөгт хүрч 39, хадгаламжийнх зургаан их наяд төгрөгтэй тэнцэн жилд 84 хувиар өсжээ.
Мөн банкны салбарын нийт актив 41.9 их наяд төгрөгт хүрсэн нь 2022 оны эхний улирлынхаас 4.7 их наядаар ахисан дүн боллоо. Түүнчлэн бодлогын хүү нэмэгдсэн ч зээл олголт буураагүй бөгөөд ялангуяа банкууд өөрийн эх үүсвэрээс хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл тасралтгүй өгч байгаа гэнэ. Цаашид тээвэр ложистикийн хүндрэл аажмаар арилан, эдийн засгийн салбаруудын сэргэлт хурдсах боломжтой аж. Улмаар инфляц аажмаар буурч, хадгаламжийн бодит өгөөж нэмэгдэх бол төсвийн үр ашиггүй зардлуудыг багасгаж буй нь төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж, ханш тогтворжих нөхцөл болохыг МБХ-ны тайланд дурдсанбайв.