Цаг уурчид “Ойрд нийт нутгаар халж, зарим бүсэд агаарын температур 30 градус давна” хэмээн хэд хоногийн өмнөөс анхааруулсанчлан дулаан өдрүүд тохиож байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Увс аймгийн Улаангом, Тэс сумд агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн сумуудад ажиглалт хийж эхэлснээс хойших зургадугаар сарын 8-ны өдрүүдээс хамгийн дулаан нь энэ оных болжээ. Цаашдаа ч манай орны баруун, говийн бүсийн аймгуудад хэт халж, температурын үнэмлэхүй утгыг эвдэн, ган гачиг тохиож болзошгүйг цаг уурчид анхааруулах боллоо. Үүнтэй зэрэгцээд нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг ч холбогдох байгууллагынхан түгээж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан хамгийн сүүлд өчигдөр ийм сэрэмжлүүлэг хүргэв.
Ойрын өдрүүдэд агаарын температур тогтвортой, дулаан буйг газар сайгүй, хэн хүнгүй гайхаж байх зуур зарим бүсэд гэнэт хүчтэй аадар орж, салхи дэгджээ. Айхавтар хална хэмээн анхааруулаад байгаа, говийн бүсийн Баянхонгор аймагт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт догшин хуй салхи дэгдэж, малчдыг түйвээсэн гэнэ. Энэ үеэр хэд хэдэн айлын гэр, хашаа нурсан талаар онцгой байдлын байгууллагын тайланд дурджээ. Уржигдар нийслэлд 27 градус хүрч халах үеэр зарим газарт гэнэт хуй салхи боссон аж. Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн усан паркад аялж явсан нэгэн завийг өнөөх “гайхал” яах ийхийн зуургүй хөмрөөд тавьчихсан бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Азаар хүн бэртээгүй аж. Баян-Өлгий аймгийн төв талбайд байрлуулсан хийлдэг тоглоом салхинд хийссэнээс 15 хүүхэд гэмтэж, нэг нь нас барсан харамсалтай явдал 20 хүрэхгүй хоногийн өмнө болсон билээ. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатайгаар цаг уур хэчнээн тогтворгүй болсныг харуулж байна.
Уг нь зуны улирал хамгийн тогтвортой цаг агаартайд тооцогддог. Хаврыг л салхи шуурганы улирал гэлцдэг байсан билээ. Гэтэл өдгөө зун, хаваргүй л салхи босож, шороогоор шуурах болж. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч хэлж байна. Салхитай өдрийн тоо олширсны хэрээр фронтын гаралтай аюулт үзэгдэлд тооцогддог хүчтэй шороон шуурганы давтамж ихэссэнийг ч судлаачид өгүүллээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Мөнхбат “Бүх бүсэд харилцан адилгүй ч ерөнхийдөө салхитай өдрийн тоо эрс нэмэгдсэн” гэв. Тус хэлтсээс гаргасан тайланд тэмдэглэснээр цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн төрлүүдээс Монгол оронд зонхилон тохиолдож, их хэмжээний хохирол учруулдагт нөөлөг салхи багтаж байна. Хүчтэй салхи шуурга 1960-1999 онд жилд дунджаар 20 өдөрт тохиодог байсан бол өдгөө 43-т хүрсэн гэнэ. Салхины дундаж хурд секундэд 4-5 метр бол хэвийн гэж үздэг. Харин секундэд 15 метрээс давсан тохиолдолд хүчтэйд, 24-өөс дээш бол гамшигт үзэгдэл гэж тооцдог. Тэгвэл цаг уурын байгууллагынхан гамшигт болон аюултай үзэгдэлд тооцогдох шороон шуургатай өдрүүдийг л нарийвчлан бүртгэж, статистик гаргадаг юм байна. Ийм үзэгдэл нэг удаа болоход хамгийн багадаа 40-100 сая төгрөгийн хохирол учруулдаг талаар судлаачид онцлов. Жишээлбэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нутагт дэгдсэн хүчтэй салхи, шороон шуурганы улмаас орон нутгийн иргэд 70 орчим сая төгрөгийн хохирол амсжээ.
Салхи шуурганы бодит аюул, нөлөөллийг хот, суурин газрын иргэд төдийлөн сайн мэддэггүй. Цахилгааны шон унах, гэмтэл гарах, барилга, байгууламжийн дээвэр нурах, хашаа, хайс унах төдийхнөөр эрсдэлийг нь хардаг. Тэгвэл нар, салхинд онгож гандталаа малын хөл дагадаг, тариа, ногоогоор амьдрал ахуйгаа залгуулдаг хүмүүс, ялангуяа хөдөөгийнхөнд үүний хор урхаг хэд дахин хүндээр тусаж байгаа. Хоттой малаа элсэнд даруулж, амь зуулгаасаа салах ямар олиг байх вэ. Зарим нь байгалийн үзэгдлийн өмнө хүчин мөхөстөж, халширснаа ч ярьж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгэн малчин “Хангай газар салхилах нэг өөр, говийн бүсэд бүр ондоо. Нүүр нүдгүй элсээр нүдчихдэг, их хэцүү. Нүдээ улайтал хэдэн малынхаа араас явдаг. Мал цасанд дарагдлаа гэж сонсож байснаас элсэнд булагдлаа гэж дуулсангүй. Түгшүүр төрдөг. Говьд мал маллах бүх талаараа хэцүү болж байна” гэсэн юм.
“САЛХИТАЙ ӨДРИЙН ТОО ЭРС ОЛШИРСОН”
МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Сономдагваас дараах мэдээллийг авлаа.
-Монгол оронд салхигүй өдөр гэж байхаа болилоо. Хүчтэй шуурганы давтамж ч ихсэв. Цаг агаар харьцангуй тогтвортой, дулаан байдаг зуны улиралд ч ийм байх болсон нь ямар учиртай вэ?
-Сүүлийн жилүүдэд шороон шуургатай, салхитай өдрийн тоо нэмэгдсэн. Цаг уурын хэмжилт, судалгаа хийж эхэлсэн 1940, 1950-иад оны үетэй харьцуулахад эрс олширсон. Говийн бүсэд голдуу үзэгддэг шар шороон шуурга буюу бидний нэрлэж заншсанаар угалз хоёр жилд нэг удаа тохиолддог байсан бол одоо жилд 3-5 удаа давтагдах боллоо. Өнөө жилийн хувьд шар шороон шуургатай өдөр 10 гаруй бүртгэгдсэн. Энэ бол зөвхөн бүс нутагт, Зүүн Өмнөд Азид тархах хэмжээний хүчтэй шуурганы тоо юм. Үүнээс хүчээр бага, улс, бүс дамжин тархахааргүй хэмжээний салхи шуургатай өдөр бүр олон тохиож байна. Монгол оронд өмнө нь ч салхи дэгддэг байсан. Гэхдээ газрын гадарга, хөрсний доройтол гаарч, ургамлын бүрхэвч алдрахын хэрээр салхины хүч, эрчим нэмэгдэн, шуурга болж хувирах нь ихэсчихлээ. Ургамал бол хөрсийг хамгаалдаг хамгийн чухал бэхэлгээ шүү дээ. Гэтэл бэлчээрийн доройтол, газрын эвдрэлийн улмаас энэ хамгаалалт үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн. Үүний улмаас шуургатай өдрийн тоо нэмэгдсээр байгаа. Хүчтэй салхи шуурга говийн бүсэд түлхүү ажиглагддаг байсан бол өдгөө хээр, ойт хээрийн бүс, Улаанбаатар хотод хүртэл түгээмэл гарах боллоо. Өнгөрсөн хавар нийслэлд таван өдөр хүчтэй шороон шуурга дэгдсэн. Сааралтсан, бүүдгэр өдрүүд л өнгөрлөө. Энэ нь цөлжилт, газрын доройтол хуурай хээр, цөлийн бүсээс бусад газар луу тэлж байгаагийн илрэл юм. Манай орны говийн тоосжилт Хятад, Солонгос, Японд хэрхэн нөлөөлж буйг тодруулах зорилготой судалгааг МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийнхэн олон улсын эрдэмтэдтэй хамтран хийж байна.
-Энэ үзэгдлийг байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр эрчимжиж буй далайн давлагаа, тропикийн циклон зэрэгтэй холбож тайлбарлах нь ч бий.
-Номхон далайн уур амьсгал, Сибирийн анти циклон, эсвэл Төвөдийн өндөрлөгөөс нааш чиглэсэн халуун агаарын урсгал гээд байгалийн үзэгдэл, өөрчлөлттэй холбож янз бүрээр тайлбарладаг. Ган, зуд, далайн хар салхи гээд гамшигт үзэгдлүүд ч тодорхой давтамжит хугацаанд болсоор ирсэн. Харин цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд эдгээрийн давтамж нь хэт ойртоод, хэв шинж нь өөрчлөгдчихөөд буй юм. Үүнд л гол учир бий. Уур амьсгалын өөрчлөлт эрчимжсэний гол илрэл нь ногоон ургамал, ойн сангийн алдагдал, газрын эвдрэл. Ургамлын бүрхэвч сүүлийн 30 жилд эрс багассан нь хиймэл дагуулын зургаас харагддаг.
-Зуны улирлын шинж төрх хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн бол?
-Энэ жил зуны эхэн сар гарчихаад байхад л хүчтэй шороон шуурга хэд хэдэн удаа болсон. Эхний өдрөө шороогоор “нүдээд”, хоёр дахид нь хэсэгхэн хугацаанд цасаар шуурахад л 1000 малтай айл 900-г нь “алдсан” тохиолдол гарлаа. Хоёр жилийн өмнө Дундговьд өдөржин үргэлжилсэн хүчтэй шуурганаар олон айл амьжиргааны эх үүсвэрээсээ салсан. Ийм аюултай үзэгдлүүд хавраас зун руу “шилжиж”, иргэдэд их хэмжээний хохирол учруулах нь элбэгшлээ. Өнгөрсөн сарын 31-нд их хэмжээний цас орсноос зарим айлын мал хашаанаасаа гарч чадахгүй хорогдсон. Ийм тохиолдол өмнө нь гарч байгаагүй шүү дээ. Долоо, наймдугаар сард чийгшлийн хэмжээ нэмэгддэг учраас салхи шуурга арай намждаг.
-Салхитай өдрийн тоо, шуурганы давтамжийг бүс нутгаар нь нарийвчлан гаргасан тооцоо, судалгаа байдаг уу?
-Дээр дурдсанчлан хуурай хээр, цөлийн бүсэд давтамж их. Харин өндөр уулын, ойн, тайгын бүсэд эрсдэл бага.