Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг танилцуулах зорилготой “Хөгжлийн түншүүдтэй дугуй ширээний уулзалт” болон “Цахим худалдааны тайлангийн нээлт” арга хэмжээг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран 2023 оны оны зургадугаар сарын 7-8-ны өдрүүдэд тус тус зохион байгуулав.
“Хөгжлийн түншүүдтэй дугуй ширээний уулзалт” арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, “Цахим худалдааны тайлангийн нээлт” арга хэмжээг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус тус нээж үг хэлэв. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-ын Технологи, логистикийн газрын захирал Шамика Сириманн болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын байгууллага болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, монголын талын Ажлын хэсэг болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл дээр хоёр арга хэмжээнд оролцов.
Үйл ажиллагааны үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Технологи, логистикийн газрын захирал Ш.Сириманныг хүлээн авч уулзаж, энэхүү тайлангийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тогтоох талаар харилцан санал солилцов. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 2017 оноос хойш 32 улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэн бөгөөд Монгол Улс тус үнэлгээг хийлгэсэн 33 дахь орон болов.