Зуны улиралд уул уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, алт сорьцлуулах иргэд, аж ахуйн нэгжийн тоо нэмэгддэгтэй холбоотойгоор Сорьцын хяналтын газар ажлын цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд алт үйлдвэрлэгч, олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбооноос ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу тус газар есдүгээр сарын1-нийг хүртэлх хугацаанд 07.30-15.30 цагийн хооронд ажиллахаар болсон байна. Мөн Монголбанк болон арилжааны банкуудын үнэт металл хүлээж авах хугацааг нэг цагаар сунгаж, 17.00 болгожээ.