Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төв, МУИС хамтран “Гепатитын дельта вируст халдварын оношилгоо, эмчилгээний шинэ хандлага” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ үеэр “Гепатитын дельта вирусийн халдвар бэлгийн замаар дамжих боломжийг молекул биологийн түвшинд судалсан нь” судалгааны үр дүнг танилцуулсан юм. 2010-2014 онд ХӨСҮТ-д цочмог гепатит B, D вирусийн оноштой эмчлүүлсэн өвчтөнүүдийн нас, хүйс болон нийгмийн байдалд судалгаа хийхэд 69.8 хувийг бэлгийн идэвхтэй насны (20-29) ганц биеэрэгтэй эзэлжээ. Халдвар бэлгийн замаар дамжих магадлал өндөр байгааг үндэслэн судлахад гепатитын дельта (D) вирус дамжих боломжтой нь батлагдсан байна. Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Хятад улсад дельта вирусийн тархалтаараа Өвөрмонгол 13.9 хувиар өндөр байна. Монгол Улсын хувьд Өмнөговь, Баян-Өлгий аймагт бага тархалттай. Дэлхийд тархалтаараа манайх хамгийн өндөр үзүүлэлттэй. Олон улсад хийсэн судалгаагаар Монголд 177 мянган иргэн халдвартай гэж гарсан. Манай баг өмнөх судалгааг харьцуулж үзэхэд 150 мянган хүн халдвартай харагдаж буй. Харин бүртгэлээс харвал 90 мянган хүн халдвартай. 2020 оны эхний есөн сарын байдлаар B вирусийн эмчилгээнд нийт 5.8 тэрбум зарцуулсан” гэв.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн