Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.89 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанкны цахим хуудсанд мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 5.57, 2023 оны эхнээс 14.63 хувиар өссөн үзүүлэлт болов. Эл тоо нэгдүгээр сард 3.55, дараа сард нь 3.39, гуравдугаар сард 3.43, дөрөвдүгээр сард 3.69 тэрбум “ногоон” байсан билээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сараас хойш нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ хямдарч байгаа талаар зарим эдийн засагч сануулж буй. Мөн коксын ханш ч буурч байгаа аж. Нөгөөтээгүүр, Монгол Улсын нүүрсний нийлүүлэлт тавдугаар сард багассаныг sxcoal.com цахим хуудсанд дурдсан юм. Уг нь эл бүтээгдэхүүний нийлүүлэлт 2023 оны эхний саруудад ихээхэн нэмэгдээд байсан билээ. Энэ талаар зарим эдийн засагч “Сүүлийн гурван сар дараалан экспортолсон нүүрсний хэмжээ багассан” хэмээн онцолжээ. Ташрамд дурдахад, гадаад валютын ээлжит дуудлага худалдаа дөрөвдүгээр сард найман удаа болоход банкуудаас ирүүлсэн саналыг Төвбанк таван удаа биелүүлээгүй аж. Тэгвэл нэг удаагийнхад нь 22 сая ам.доллар нийлүүлсэн бол өөр нэг удаа банкуудаас санал ирүүлээгүй юм. Харин өнгөрсөн сард есөн удаа ээлжит дуудлага худалдаа болоход арилжааны банкуудын саналыг Төвбанк хоёр удаа биелүүлээгүй бол үлдсэнд нь 16-62 сая гээд нийт 297 сая “ногоон” нийлүүлснийг статистикаас харж болохоор байв.
Бэлтгэсэн: Б.Сонор