Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Салбар зөвлөл байгуулах тухай" А/502 дугаар захирамжаар “Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөл”-ийг байгуулж, анхны хурлаа өнөөдөр хийлээ. Салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хурлыг удирдан явуулсан юм.
Хурлаар нийслэлийн эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааныг авч үзвэл нярайн эндэгдэл, амьгүй төрөлт 38.9 хувь, төрөлхийн хөгжлийн гажиг 20.6 хувь, амьсгалын тогтолцооны өвчин 19.1 хувьтай байна. Мөн бусад өвчлөлтүүд ч эндэгдэлд нөлөөлж байгаа юм.
Хурлын төгсгөлд салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө салбар зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нарт эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Тэрчлэн зургаадугаар сарын 30-наас өмнө дүүрэг тус бүрд салбар зөвлөл байгуулан хуралдаж, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа тайлагнан ажиллахыг үүрэг болгосон юм.