“Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ хамтран өчигдөр зохион байгуулж, багачуудын боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцлээ. Нийслэл, орон нутгаас 1500 орчим төлөөлөл оролцсон тус чуулганы үеэр Азийн сүүний түншлэлийн байгууллагатай хамтран “Хүүхэд бүрт сүү” санаачилга хэрэгжүүлэх, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд ч мөн “Цагаан хувьсгал” санаачилга гарган, хүүхдүүдийн хэрэглээг хангахад анхаарч, хамтран ажиллаж буйг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Манай улсад сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд 730 орчим мянган хүүхдэд өдөрт 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байгаа гэнэ. 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд 176.5 тэрбум төгрөг зарцуулсан дүн гарчээ.
Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой аж. Гэтэл өдгөө үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа гэнэ. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах шаардлагатайг оролцогчид хөндөж байлаа. Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд өдрийн 2475 төгрөг байгаа аж. Эл дүнг нэмэгдүүлэхийн тулд аав, ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой, эсэх талаар судалгаа явуулахад хамрагдсан 27 956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал