Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.
Сүхбаатар дүүрэг 1965 онд байгуулагдсан, 20.8 мянган га газар нутаг, 145 мянга орчим хүн ам, 39 мянга гаруй өрх бүхий 20 хороотой. Төрийн болон төрийн бус өмчийн 49 сургууль, 64 цэцэрлэгтэй. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 цэцэрлэг, найман сургууль, Насан туршийн боловсролын төвийн барилгад дээвэр, фасад, сантехник, цахилгаан, урлаг болон спорт заалны засвар зэрэг ажлын 36 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн, хүүхдийн сурч, хөгжих эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэггүй байсан 12 дугаар хороонд найман айлын газрыг орон нутгийн төсвөөр чөлөөлөн, 150 хүүхдийн шинэ цэцэрлэг барьж, 2021-2022 оны хичээлийн жилд ашиглалтад оруулжээ. Тус цэцэрлэгт 200 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Эрүүл мэндийн салбарт 220 ортой, амбулатори, лаборатори бүхий хоёр блок орчин үеийн стандартын Нэгдсэн эмнэлгийн барилгыг 2020 онд эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Ахмадын хөгжлийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэж буй. Энэхүү төв нь 277 ам метр талбай бүхий хоёр давхар барилга бөгөөд ахмад настнуудын нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагийг өнгөрөөх зориулалтаар үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хорооны барилгагүй байсан 2-р хороонд хорооны Засаг даргын ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг бүхий цогцолбор барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.